0-5 насны хүүхдүүдийн 48,7 хувь нь шүдний өвчлөлтэй байна

2018/08/23

Төв аймгийн Зуунмод сумын 0-18 насны 5106 хүүхдэд шүдний үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ. Үзлэгийг Төв аймгийн эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сан хамтран зохион байгуулж байгаа юм.

Төв аймгийн хэмжээнд 94 900 хүн амаас 30,1 хувь нь буюу 35 мянга гаруй нь 0-18 насны хүүхэд байна. Үүнээс 0-5 насны 11 мянган хүүхэд байгаагаас 5000 гаруй нь буюу 48,7 хувь нь судалгаагаар шүдний өвчлөлтэй гарчээ. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна. Тиймээс Төв аймгийн эрүүл мэндийн газар, Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай хамтран 0-18 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж эхэлсэн байна.

Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших мөн л чухал.

Тиймээс амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үзлэгийг зохион байгуулж байгаа талаар Төв аймгийн эрүүл мэндийн газраас онцоллоо.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна