Багш хэмээх ажлыг ХЭН ДУРТАЙ НЬ ХИЙЧИХДЭГ ҮҮ?

2018/09/05
Багш нар маш боломжийн нөхцөлд ажилладаг гэж иргэд үздэг. Ажлын цаг нь бага, дээр нь зундаа амарчихна гээд олон давуу талтай учраас багшийн мэргэжилд хүмүүс ихээр татагддаг. Гэсэн хэдий ч багшийн ажиллах нөхцөлтэй холбоотой анхаарах асуудлууд ч байдаг болохыг багшийн мэргэжил эзэмших гэж буй нэг нь мэдэх хэрэгтэй болов уу.

Доор бичигдсэн сөрөг талууд нь ажил мэргэжлийн сэтгэл ханамжинд нөлөөлөхөөс гадна ажлын үр дүнд ч нөлөөлдөг болохыг анхааруулжээ.

1. Багшлах нь маш стресстэй ажил

Багшийн мэргэжил нь стресс дагуулдаг гэдэг нь гарцаагүй юм. Ажлын зөв зуршил, эрүүл хандлага, бодит зорилго зэрэг чанаруудыг оюутан сурагчдадаа хөгжүүлэх маш том ажил багшид ноогддог. Үүнээс гадна эцэг эхийн хандлага, эдийн засгийн нөхцөл байдал, гэр бүлийн уур амьсгал гээд багшид шууд болон шууд бусаар нөлөөлөх олон хүчин зүйлсийг орхигдуулж болохгүй юм. Тийм ч учраас багш хүн ажил амьдралдаа зааг тогтоох нь чухал. Өөртөө цаг гаргаж, ажлын бус цагаараа амарч, тайвшрах нь эргээд ажилдаа эрч хүчтэй орох боломжийг олгох аж.

2. Эрүүл мэндэд нөлөөлнө

Багш нар ихэвчлэн ажлынхаа ихэнх цагийг зогсож өнгөрүүлдэг. Энэ нь цаашид бие махбодь, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Завсарлагаанаар амарч чадахгүй, цайны цагаараа хоол ундаа идэж, бие засаж ч амжихгүй үе олонтаа тохиолдох нь жижиг асуудал мэт санагдавч, эдгээр нь цаашлаад эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг мэдэх аргагүй юм.

3. Маш олон цагаар ажиллах үе гарна

Хичээлийн жилийн тодорхой хэдэн саруудад багш нар цаг наргүй ажилладаг. Жишээ нь хичээлийн жилийн эхний долоо хоногт оюутан сурагчдаа хичээл сургуулийн дэглэмд дасгах, хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулах, хичээлийн жил дуусах дөхөх үед шалгалтын материал бэлтгэх, дүн гаргах гээд завгүй үе олон тохиолдоно. Хувийн болон мэргэжлийн зорилгоо биелүүлэхийн тулд багш хүн юу хийх ёстойгоо мэддэг, бэлтгэлтэй байх нь ажлын ачааллыг багасгах юм.  

4. Хийх зүйлс нь дуусна гэж байхгүй

Багш болохоор төлөвлөж байгаа мөн багшаар ажиллаад удаагүй хүн багшийн хийх ажлын жагсаалт дуусдаггүй гэдгийг сайн мэдэхгүй л болов уу. Хичээлийн шинэ жилд бэлтгэх, сурагчдын сонирхлыг хичээлдээ татах гээд л багшид хийх ажил мундахгүй. Түүнээс гадна хичээлийн цагаа хэрхэн ухаалгаар ашиглах, үүндээ техник технологи ашиглаж сурах, хичээлээ төлөвлөх, дүн тавих, эцэг эхчүүдтэй харьцах гэх мэт ажлуудаа хууваарилах гээд багшид хийх ч, сурах ч зүйлс дуусашгүй.

5. Ажлын цаг бага гэдэг нь худлаа

Багш нар ажлын цаг багатай гэдэг нь худлаа. Ихэнх багш хичээлийн бус цагаар ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр байдаг. Оройн цагаар, амралтын өдрүүдээр, бүр зуны амралтаараа хичээлээ төлөвлөж, бичиг номоо цэгцэлж, эцэг эхчүүдтэй харьцаж цагаа өнгөрүүлэх нь олонтаа. 

Эцэст нь гэж хэлэхэд багшийн мэргэжлээр ажиллаж буй ихэнх хүмүүс багшийн ажиллах нөхцөлийг өөрсдөдөө таатайгаар  зохицуулах боломжтой хэмээн ярьдаг. Харин эхэндээ хичээлийн хуваарь, ажлын цагтаа дасаж, өөрийнхөө ажлын дадал зуршилд тохирох дэглэмийг бий болгоход нэлээд хугацаа өнгөрдөг болохыг анхааруулжээ.

Эх сурвалж: http://www.teachercertification.org


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна