НДШ нэг хувиар нэмэгдэж, хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч буйг та мэдэж байгаа юу

2018/09/10
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад /2017.05.25/, 1.4 жил болж байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ажлаа авсан даруйдаа буюу 2016 оны наймдугаар сараас эхлэн хэлэлцээр хийж, он дамнан үргэлжилснээр манай улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрт хүрч байв. Өмнө нь манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэд хэдэн удаа хэрэгжүүлсэн бол 2017 онд хамгийн хатуу нөхцөл бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээр буусан билээ.

Гэхдээ ОУВС-гаас “Төсвийнхөө алдагдлыг бууруул. Зардлаа тана” гэсэн ерөнхий чиглэл өгсөн. Түүнээс биш тэтгэврийн насаа нэм, хүүхдийн мөнгийг хас. Татвараа нэм гэж шууд тулгаагүй гэх тайлбарыг ОУВС-гаас хийдэг.

Харин МАН-аас гишүүдээс бүрдсэн /Ж.Эрдэнэбатын/ Засгийн газар “ОУВС ингэж шаардсан” гэх гурван үгээр халхавч хийж, долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн юм. Улмаар тэтгэвэрт гарах насыг уртасгаж, хүүхдийн мөнгийг хассан нь энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлсөн билээ. Анхлан нэмэгдэж байсан алдарт долоон татвар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газрын зүгээс МАН-ын сонгуулийн амлалтаа бодон, тодорхой байдлаар буулт хийсэн нь бий.

Тухайлахад, хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчилсан байсан. Уг асуудал уурхайчдын эсэргүүцлээс үүдэн зогсоход хүрсэн юм. Улмаар шатахууны үнийн өсөлтөөс үүдэн, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Засгийн газраас буулгаад буй.

Ингэж  Засгийн газраас татварын асуудлаар буулт хийсэн нэрийн дор хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах, Нийгмийн даатгалын шимтгэлийг өссөн хэвээр нь явуулж буй юм. Уг татварын нэмэгдэл 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Олон нийтийг айлгаж байсан шатахууны үнэ, ХХОАТ-ыг нээсэн асуудлаа эргэж харцгаасан үйлдлээрээ зарим татварын нэмэгдлийг иргэдэд мартуулж чадсан юм.  
 
-ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГООС Ч 10 ХУВИЙН ТАТВАР АВЧ БАЙНА-

Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулаад буй. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Татварын ногдуулалтыг сард нэг удаа хийх замаар төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм.

Уг нь 2018 оны эхнээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд орлогын хүүгээсээ татвар төлөхөөр хуульчлагдаад байсан. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хэмжээнээс үл хамаарч, нийт хадгаламж эзэмшигчдээс жигд байдлаар 10 хувийн хүүгийн орлогын татвар авахаар болсон юм.

Тухайлбал иргэн та 10 сая төгрөгийн хадгаламж нээж, нэг жилийн хугацаат хадгаламжаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог гэж үзье. Тэгвэл бол уг орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Энэ нь хүүхдийн хадгаламжинд ч яг ижил горимоор үйлчилнэ. Таны хүү охин 1 сая төгрөгийн хадгаламжтай бол жилдээ 15 мянган төгрөгийг нь энэ татварны нэмэгдлээр аваад явчихаж байна гэсэн үг.

 
-НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛТАН НДШ-ИЙН НЭМЭГДЛЭЭР ЖИЛД 120 МЯНГАН ТӨГРӨГ ИЛҮҮ ТӨЛЖ БАЙНА-

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. Тодруулбал, нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.

Өнгөрсөн жил ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байсан билээ. Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Харин энэ онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай ажилтан сард нийгмийн даатгалын шимтгэлдээ 100 мянган төгрөг төлдөг байсан бол энэ онд 110 мянган төгрөг суутгуулж буй. Харин ажил олгогчийн төлдөг 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өсч, 120 мянган төгрөг төлөх юм. Нийтдээ 230 мянган төгрөг шимтгэлд явж байна. Ажилтан, ажил олгогч хоёр тус бүр сард 10 мянган төгрөг өнгөрсөн жилүүдээс илүү төлж байна гэсэн үг.

Энэ тооцооллоор, нэг сая төгрөгийн цалинтай ажилтан жилдээ 120 мянга, ажил олгогч мөн 120 мянган төгрөг. Нийт 240 мянган  төгрөгийг шимтгэлийн нэмэгдэлд явуулж байна. Ийм хэмжээний арван ажилтантай байгууллагын цалингийн зардал энэ онд 1.2 сая төгрөгөөр өссөн дүнтэй гарах юм. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчлаад байна. Энэ мөн л нэг нэгжээр өссөн үзүүлэлт юм.

ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлж, үүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна