Монголд анхны хоккейн "Мөсөн өргөө" барина

2018/09/12
“СтеппеАрена” ХХК-ийнхан Монголд анх удаа битүү мөсөн талбай барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү "Мөсөн өргөө"-ний зураг төслийг "Анаграм" ХХК боловсруулж байгаа юм байна. Монголын анхны мөсөн өргөө баригдсанаар уг өргөөний битүү мөсөн талбайд хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх боломж бүрдэх юм. Энэхүү "Мөсөн өргөө" барих төслийг Улаанбаатар дахь Канадын Консулын газар дэмжиж  "СтеппеАрена” ХХК-ийнхантай уулзаж, зөвлөгөө өгсөн байна. Улмаар төслийн удирдагчид Канадын Викториа мужид үйл ажиллагаа явуулдаг “VDA Architecture”,  “HDR CRI” зэрэг компанид санал тавьж, зураг төслийн өвөрмөц шийдэл, спорт, үндэсний бахархлыг нэг дор цогцлоосон энэхүү төсөлд хамтран ажиллахаар болжээ.

Монголд анхны "Мөсөн өргөө" барих багийн гишүүн Канадын Ванкуверын архитектор Марк Хенц Канад даяар олон нийтэд зориулсан байгууламж, төвүүдийн зураг төслийг боловсруулж байсан туршлагатай нэгэн ажээ. Тэрэээр Канадын “Дэлбрүүк” спорт амралтын байгууламжийн зургаараа  нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Монголын архитекторууд “Мөсөн өргөө”-г аль болох байгалийн гэрэл орохоор хийх бөгөөд хойд талыг бүхэлд нь шилээр бүрэхээр зураг төсөлдөө тусгасан байна Энэ талаар Хенц “Монгол орны зун нарлаг байдаг учраас +30 градус хүртэл халдаг. Иймд барилгын урд талыг битүүлж, нарны хурц туяанаас мөсөн талбайг хамгаалах нь зүйтэй гэж тэд зөв шийджээ” гэсэн байна.

“Мөсөн өргөө” нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 3 км хүрэхгүй зайд баригдах бөгөөд онгоцны буудлын загвартай ойролцоо гэнэ. Тухайлбал барилгын дээвэр нь онгоцны далавчтай төстэй. Мөн дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар хийхээр “Анаграм” ХХК-ийн архитекторууд зургаа гаргажээ. “Мөсөн өргөө”-ний байрлах газрын гадаргуу нь налуу тул “Дэлбрүүк”спорт амралтын газрын адил барилгын нэлээд хэсэг нь газар доор байрлах аж. Канадын баруун эрэгт түгээмэл байдаг холимог, шилэн дизайн “Мөсөн өргөө”-ний зураг төслөөс харагдах агаад Монголын зургийн баг монгол ахуй, хийд эсвэл Оросын архитектурын загвараас санаа авахаас татгалзсан аж.

“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм. Уг өргөөний загвар зураг төсөл үндсэндээ дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг нь 2019 оны хавар эхлүүлэхээр төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна