Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмэх шийдвэрийг МУ-ын Засгийн газар гаргасан. Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэж байгаа. Энэхүү нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн зохион байгуулсан талаар Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаас тодрууллаа.
Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалинг бий болгох үүднээс жил гаруй хугацаанд эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг хийжээ. Үүний үр дүнд сувилагчдын ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэгдсэн байна. Өмнө нь дийлэнх сувилагч ТҮЭМ-2 гэсэн ангиллаар цалинждаг байсан бол ТҮЭМ-4 гэсэн зэрэглэлд очиж байна.
Ирэх онд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалингийн сүлжээг шинэчлэхээр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажилласан байна. Цалингийн сүлжээний шинэчлэл ажлын байрны үнэлгээнд суурилан хийгдэж байгаа. Тухайлбал: Бүх эмч нар одоо ТҮЭМ-4 болон ТҮЭМ-5 зэрэглэлийн дагуу цалинждаг бол шинэчлэлийн үр дүнд 2-3 зэрэглэл ахиулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцөөд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна