Д.Сарангэрэл сайд хамгийн олон хууль бус томилгоо хийжээ

2018/09/20
Өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны зөвлөлөөс яам болон төрийн агентлагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор шалгалт хийжээ. Тус шалгалтаар Эрүүл мэндийн яамнаас олон ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа зөрчил илэрсэн байна.

Мөн Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж, төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Мөн Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудад Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна