ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2018/10/04
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр, "ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлт гаргаснаа танилцууллаа. Тус дүгнэлтэд, “Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төр засагт хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ болж байна. ЗТХЯ-ны байран төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудлыг намжаахгүй. Мөн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан асуудалд хэн ч тайлбар хийгээгүй. Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж, Олон улсын арбитрын шүүхээс олон сая ам.долларын өр төлөх шийдвэр гарлаа. Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 2 дугаар улиралд 22 их наяд 642 тэрбум болж даруй 6 их наяд 30 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн ажлын биелэлт 10 дугаар сарын байдлаар дөнгөж 20 хувьтай байна. Төсвөөс хулгайлагдсан авлигал нь инфляцыг өдөөж, ханшийг хөөргөх нэг шалтгаан болж байна. Саяхан дуулиан болсон 1.3 сая ам.долларын хэрэг үүний тод жишээ юм. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. Мөн 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляц 8.8 хувьтай боллоо. Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өслөө. Дээрхи асуудлуудын хариуцлагагүйн тоо жишээ баримтууд нь Монгол төрийн үнэлэмж унасныг тодхон харуулж байгаа. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх гэсэн оролдлого нь Монгол төрд хор уршигтай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Хэрэв Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн “ДЦС 4”-т осол гарсны улмаас Улаанбаатар хот бүхэлдээ цахилгаангүй болсон хэрэгт ч мөн Засгийн газрын гишүүд хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээв. Мөн төрийн албаны ёс зүй, хариуцлагагүй байдалд салбарын сайд бус Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарган ажиллаж байгаа. Мөн бүх төрийн байгууллагад шалгалт хийж байгаа. “ДЦС 4”-т гарсан ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг мөн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн албаны сахилга, хариуцлагаг дээшлүүлэх 47 журмыг шинэчлэн батлаад байна” гэсэн тайлбар өглөө.

Мөн Л.Болд гишүүн төрийн албыг тогтвортой, шуурхай байлгах үүднээс ЗТХ-ийн сайдыг сайдыг нэн даруй томилох ёстой гэлээ. Тэрбээр, “Засгийн газраас сайдыг чөлөөлсөн л бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулаад сайдыг томилуулах шаардлагатай байсан юм. Энэ бол төрийн ажил удаашралтай явж байгаагийн нэг илрэл” гэв.

Түүнчлэн Д.Эрдэнэбат гишүүн энэ онд багтаан төрийн жинхэнэ албан хаагчдын дунд адестатчилал явуулах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Мөн С.Жавхлан гишүүн, “Сүүлийн өдрүүдэд гадаадын тагнуулын байгууллага Монголд баривчилгаа хийх оролдлого хийсэн, галт тэрэг замаасаа гарсан, яамны байранд хүн амины хэрэг гарсан зэрэг олон асуудал гарлаа. Нийгмийг цочроосон эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Мөн дээрх бүх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж чадахгүй бол бид энд суух шаардлага байхгүй” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна