Таван "компаниараа" 10 тэрбум төгрөг зээлсэн Х.Бат-Эрдэнэ жижиг, дунд бизнес эрхлэгч мөн үү?

2018/11/01
2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бизнес эрхлэгчдийн дундаас таван компани анхаарал татна. Тэдгээр таван компани тавуулаа "Алтай групп"-ийн Х.Бат-Эрдэнэтэй холбоотой компани байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас:

-Төгс шим ХХК -2 тэрбум 
-Кореансан са ХХК-2 тэрбум 
-Блю Скай Стар ХХК-2 тэрбум 
-Рояал кроун ХХК-2 тэрбум 
-Буйр лэйк-2 тэрбумийн зээл
авсан байна.

Гэтэл эдгээр таван компанийн хамаарлыг судалвал:

Төгс шим ХХК - Үүсгэн байгуулагчид болох Ө.Уранчимэг, Г.Мягмарсүрэн нар нь "Алтай констракшн"-д ажилладаг.

Кореансан са ХХК - Үүсгэн байгуулагч С.Баттулга нь "Алтай групп" ХХК-д ажилладаг.

Блю Скай Стар ХХК - Үүсгэн байгуулагч Б.Баярмаа нь "Алтай констракшн" ХХК-ийн санхүүгийн менежер.

Рояал кроун ХХК - Үүсгэн байгуулагч Т.Наранчимэг нь "Алтай констракшн" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн эхнэр,

Буйр лэйк - "Алтай констракшн" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ болон П.Солонго нар 2016 оны 11 сард үүсгэн байгуулсан. П.Солонго нь "Алтай констракшн"-д нягтлан бодогч хийдэг байна. Ингэснээр 2016 онд гэхэд Х.Бат-Эрдэнэтэй холбоотой бүхий таван компани нийлж 10 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. 

Алтай групп нь нийтдээ албан ёсоор өөрийн 14 охин компанитай, барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд олон салбарт үйл ажиллагаа явуулж буй. Хотын төвөөрх ганган шилэн барилгууд, орон сууцны хорооллууд гээд тус компанийг яавч жижиг, дунд бизнес эрхлэгч гэхээргүй. Гэтэл жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ очих мөнгө ийм л замаар хэд хэдэн тэрбумаар урсаж байна.

Алтай группийн зөвхөн Алтай Констракшн ХХК нь гэхэд "Манай компани 2003 оноос барилгын салбарт үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд Монголын барилгын салбарын Топ-3 аж ахуйн нэгжийн нэг болж чадсан юм" гэж танилцуулгадаа бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна