Г.Баярмаа: Бид дипломтой ажилгүйчүүд бэлтгэдэггүй

Өчигдөр 16 цаг 23 минут
МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаатай ярилцлаа.
 

Хөдөлмөрийн дээд сургууль байгуулагдаад 25 жилийн ой болж байгаа юм байна. Сургууль байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл ямар замналаар явж ирсэн талаар яриагаа эхэлье?

1993 онд МҮЭХ-ны санаачилгаар Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль үүсгэн байгуулагдсан. Тухайн үед дөнгөж зах зээлийн харилцаанд шилжээд удаагүй байсан үе. Хоёр нийгмийн шилжилтийн үед хөдөлмөрийн харилцаанд томоохон өөрчлөлт орсон л доо. Энэ өөрчлөлтийг соргогоор мэдэрч зах зээлийн харилцаанд хөдөлмөр эрхлэгчид юу мэдэж, хэрхэн өөрчлөгдөж, цаашид нийгмийн харилцааг хөгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг дээр МҮЭХ-ны удирдлагууд өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлага судалсан байдаг. Ингээд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжилтнүүд Монголд хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр сургуулиа байгуулж байсан. Үндсэн заах хичээл нь хөдөлмөрийн эдийн засаг, гадаад хэлтэй хослуулсан дөрвөн жилийн сургалттай байсан.

Миний хувьд сургуулийнхаа хоёр дахь жилийн элсэгч. Тухайн жил 500-600 хүүхэд шалгуулж өрсөлдөөд 50 гаруй хүүхэд л элсэж орж байсан.  Ер нь байгуулагдсан цагаасаа хойш шалгуулагч олонтой, шалгуур өндөртэй сургууль байж ирсэн.

Одоогоор Увс, Дорноговь аймагт салбар сургуультай, бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр, мөн ахисан түвшний магистрын  сургалт явуулдаг,  500 гаруй оюутан, 30 шахам эрдэмтэн багш, нийт багшлах бүрэлдэхүүний 30 орчин хувь нь докторын зэрэгтэй, эрдмийн зөвлөл, эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцаа,  захиргаа аж ахуй, үйлчилгээний нийт 40 гаруй ажиллагсадтай  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Танай сургуулийн онцлог юу вэ?

Монгол Улсад 100 орчим их дээд сургууль байдаг гэх тоо бий. Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүү гээд нэг чиглэлийн олон мэргэжлээр давхардуулан боловсон хүчнийг бэлтгэдэг. Харин манай сургуулийн онцлог гэвэл сургуулийн ихэнх төгсөгч Үйлдвэрчний эвлэлийн гишүүд бөгөөд  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон түүний  төв орон нутгийн салбар  нэгжүүдэд ажиллах ажлын байр нээлттэй  байдгаараа гол онцлогтой. Одоогоор нийт суралцагчдын 40 орчим хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн.

Аливаа байгууллагын үйл ажиллагааны үр дүн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар танигддаг. Манай сургуулийн төгсөгчид бол бидний бахархал. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай. Өөрөөр хэлбэл, бид дипломтой ажилгүйчүүд бэлтгэдэггүй. Манай төгсөгчид өнөөдөр Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллага, Татварын, даатгалын байгууллагуудад мэргэжилтнүүдээс эхлээд удирдах ажил хийж байна. МҮЭХ-ны одоогийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хүртэл манай сургуулийн төгсөгч нар байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болон, тэдгээрийн хүүхэд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг гэж сонссон. Энэ санхүүжилт нь МҮЭХ-ноос гардаг уу?

Ер нь түүхийг сөхвөл 1958 оноос эхлээд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг  дандаа гадаадад, үнэ төлбөргүйгээр сургаж байсан. Ер нь манай сургууль чанартай боловсролыг бага өртгөөр олгохыг эрмэлздэг ашгийн бус байгууллага шүү дээ.

Гэхдээ мэдээж санхүүгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Манай сургууль эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж, сурах бичиг гарын авлага бэлтгэхээс гадна үйлдвэрчний харьяа байгууллагуудын туслалцаа дэмжлэгийн хүчинд өдийг сургуулийн үйл ажиллагаа хэвийн явж байна.

Ер нь олон нийтийн өмчийн хоёр сургууль байдаг. Нэг нь МҮЭХ-ны дэргэдэх манай сургууль, нөгөө нь Гандантэгчэнлиний дэргэдэх Шашны дээд сургууль.

Их дээд сургуулийн дундаж төлбөр 3 сая орчим төгрөг болсон байна. Манай сургуулийн төлбөр 1 сая 500- 1 сая 700 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг.

Хөдөө орон нутаг дахь салбар сургууль болон хамтарч ажилладаг олон улсын сургуулиудын талаар мэдээлэл өгөөч?

Манайх Филиппиний “Global education” академитай хамтраад англи хэлний эрчимжүүлсэн хоёр жилийн хөтөлбөрийг үйлдвэрчний гишүүд багш оюутнууддаа хэрэгжүүлж байгаа. Бүгд хичээлээс гадуур нэмэлт цагаар үнэ төлбөргүй сурч байгаа. Бүх оюутнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэшүүлэх сертификаттай төгсдөг. Гэх мэтчилэн сургалтын олон төрлийн боломжуудыг оюутнууддаа өгөхийг боддог.

ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Өвөр Монголын Ажилчны ерөнхий эвлэлийн Кадрын сургууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Олон улсын ажилчдын боловсролын байгууллага, Сингапурын Хөдөлмөрийн институт, Белоруссын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Вьетнамын Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургууль, Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны  их сургууль зэрэг  ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, амжилттай суралцаж байгаа  оюутнуудыг   туршлага судлуулах,  суралцуулах ажлыг зохион байгуулдаг.

Таны хувьд МҮЭХ-ны гишүүнээр хэзээ элсч байв. Сургуульдаа хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?

Бид нар сургуулийнхаа оюутан байхдаа үйлдвэрчний эвлэлийн эгнээнд элсч, холбоо байгуулъя гэж шийдээд элсч байсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс цалингийн нэмэгдэл авдаг. 5 жил ажиллаад 10 хувь гэх мэт. Одоо манай сургуулийн ажилчид бүгд үйлдвэрчний эвлэлийн гишүүд байдаг.

Миний хувьд сургуульдаа 1999 оноос ажиллаж эхэлсэн байдаг. 2013-2015 онд дэд захирлаар, 2015 оноос захирлаас ажиллаж эхэлсэн. 

Дашрамд дурдахад бид сургалтандаа Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001 стандарт, мөн судалгаа, үр дүнд суурилсан хөтөлбөрийг нэвтрүүлэх чиглэлээр олон талын зорилт дэвшүүлж байгаа. Жишээ нь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн  сургалтын лаборатори байгуулж оюутнуудыг хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, шинжилгээ хийлгэх чадавхтай болгохыг зорьж байна. “Хөдөлмөр, нийгмийн харилцаа судлал” онол, арга зүйн улирал тутмын эмхэтгэл гаргаж  судлаачдын үзэл баримтлал, практик амжилтуудыг олон нийтэд мэдээлэх нь бас зүйтэй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр сурах бичиг, гарын авлага гаргасан байгаа.

Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ цаг мөчийг ашиглаад ХНХДС-ийн үе үеийн удирдагч, сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нар, эх орны өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж буй төгсөгчид, оюутан суралцагчдадаа ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол хүн бүрийн ажил хөдөлмөр зохистой, бүтээмжтэй, ашиг орлоготой байх болтугай.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна