Б.Янжаагийн тоглосон ”MEMORY GAMES” кино АНУ-д нээлтээ хийлээ

2018/11/14


Mонгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулж буй Б.Янжиндуламын гол дүр бүтээсэн “Memory Games” кино энэ сарын 08-нд АНУ-д нээлтээ хийлээ. Тус кинонд Монголын оюун ухааны академи болон олон улсын хэмжээний мастер Б.Янжинулам нарын талаар үзүүлэх аж.

Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорч байв. Түүгээр ч зогсохгүй Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байдаг. Тэрбээр Нью-Йоркийн баримтат кино фестивальд нээлтээ хийсэн “Memory games” киноны бүх тасалбар зарагдаж дууссан талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ, “Миний оролцсон ой тогтоолтын тухай баримтат кино нээлтээ амжилттай хийлээ!! Суудал дүүрэн, билет хурдан зарагдаж дууссан. Америкт миний болон Монголын оюун ухааны академийн тухай кинонд хүмүүс дугаарлаж зогсоод ч билет авч чадаагүй гэж бодоход сонин мөртлөө сайхан сэтгэгдэл төрлөө. Фестивалийн захирал хүртэл манай киног үзэгчдэд биечлэн танилцуулж байлаа. Хойд Америкийн кино театруудаар хамгийн сүүлийн шоу нь пүрэв гарагт болно. Европ, Ази тивд нээлт хийсний дараа хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно гэж найдаж байна.” гэжээ.

Дашрамд хэлэхэд баримтат киноны багийнхан Монголд бичлэг хийсний дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар хамт явсан төдийгүй тус тэмцээнд манай баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэн үнэмлэхүй ялалт байгуулж тэднийг гайхшруулсан талаар Монголын оюуны ухааны академийнхан ярьж байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна