Мишель Обамагийн ном худалдаан гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүлэв

2018/11/19
АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обамагийн шинэ ном худалдаанд гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүллээ. Ассошейтэд Прессийн мэдээлснээр Мишель Обамагийн дурсамж/намтар ном нь цаасан хэвлэл, аудио ном, цахим буюу e-book хэлбэрээр АНУ болон Канадад худалдаанд гарчээ. Ганц өдрийн дотор 725,000 хувь борлогдсон хэмээн Crown Publishing хэвлэлийн компаниас мэдэгдлээ. “Becoming” нэртэй уг ном нь шүүмжлэгчид, мэргэжилтнүүдийн зүгээс ихээхэн эерэг үнэлгээ авч байгаа юм.
 
Мишелийн дурсамж, амьдрал, намтар, үзэл бодол бүхнийг дэлгэн харуулсан энэхүү номын эхний өдрийн борлуулалт нь дээрхи хэвлэлийн компаний 2018 оны хамгийн их борлуулалттай дебютэд тооцогдож байна. Эргэн сануулахад АНУ-ын үе үеийн тэргүүн хатагтай нар эр нөхрөө албан тушаалаас буусны дараа дурсамж ном бичдэг “уламжлалтай”. 2003 онд Хиллари Клинтоны “Living History” нэртэй дурсамж ном нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 600,000 ширхэг борлогдож байжээ. Гэхдээ тухайн үед аудио номын борлуулалт маш бага, e-book борлуулалт бараг байхгүй байсан гэж болно.
 
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель нь хуульч мэргэжилтэй бөгөөд 2009-2017 онд тэргүүн хатагтайгаар ажиллаж байхдаа өөрийн харизматик шинж чанар, эрч хүч, бусдыг байлдан дагуулах увидас зэргээрээ сайшаагдаж байсан юм. Жил бүр хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр шалгарч ирсэн Мишель Обамаг ирэх 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн таамаглал гараад байсан ч, Мишель түүнийг үгүйсгэсэн юм. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа улс төрд ямар ч сонирхолгүй гэдгээ илэрхийлж байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна