Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээнүүдийн нэг Либертадорисийн цомын тэмцээний шигшээ тоглолтод энэ жил Аргентин улсын хоёр клуб шалгарсан нь Ривер Плейт–Бока Хуниорс багууд юм.
Эдгээр багуудын өрсөлдөөн манай гаригийн хамгийн алдартай дебри гэгддэг бөгөөд эхний тоглолт Бока Хуниорсын талбайд болж 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм.
Хариу тоглолт амралтын өдрүүдэд байсан ч, цуцлагдсан байна. Учир нь Ривер Плейт багийн Эстадио Монументал цэнгэлдэхийн гадна эзэн багийн дэмжигчид олноор цугларч Бока Хуниорс багийн автобус руу халдсан байна. Улмаар автобусны шил хагарч хэд хэдэн тоглогч гэмтсэн байна. Удалгүй зохион байгуулагчид тоглолтыг цуцлаж, үймээнийг намжаасан байна.
Хотын захирагчийн мэдээлснээр энэ дайралтыг Барра Брава бүлгэмээс зохион байгуулсан аж. Уг бүлгэм нь 50 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа эмх замбараагүй байдал үүсгэж байсан удаатай.
Цагдаагийн байгууллага буруутай этгээдүүдийг саатуулсан бөгөөд тэднээс шигшээ тоглолтын 300 орчим тасалбар, 10 сая песо хураан авсан байна. Энэ нь ойролцоогоор 200 гаруй мянган америк доллартай тэнцэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна