БНСУ-д 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид амжилттай оролцлоо.
Улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд тус тэмцээнд өрсөлдсөнөөс улсын харцага О.Хангай хамгийн сайн барилдав. Тэрээр Өмнөд Солонгосын мэргэжлийн тамирчдыг илүүрхэн ялсаар түрүүлж, БНСУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог “Дэлхийн ширым бөхийн их аварга” өргөмжлөл хүртжээ.
Солонгосын үндэсний спорт болох ширым бөхийн төрлөөр Монголын тамирчид хичээллэж, өрсөлдөж эхэлсэн есөн жилийн хугацаанд Монгол Улсаас анх удаа аварга төрсөн нь улсын харцага О.Хангай байв.
Тус Тэмцээнд БНСУ, Монгол, БНХАУ, Испани, Шинэ Зеланд, ОХУ-ын Якут, Сахалины тамирчид оролцсон байна. Нийт 460 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээний 60 гаруй нь гадаадын бөхчүүд байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна