Одоогоос нэг сарын өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж, амь насаа алдсан.
Энэ хэргийн тухайд ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан гэж үзэж байсан бол Шүүх эмнэлэг талийгаачийг өндрөөс унахад нь гадны нөлөө байгаагүй гэх албан ёсны дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт өчигдөр /2018.11.27/ гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулжээ. Шинжилгээгээр талийгаачийн нас барсан явдалд гадны нөлөө байхгүй гэдэг нь батлагдсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Зарим хэвлэлд талийгаачийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж мэдээлж байсан ч шинжилгээгээр тийм зүйл илрээгүй, хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин түүнийг нас барахаасаа өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Хуулийн байгууллага талийгаачийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал байсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлжээ.
Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсөхөөсөө өмнө "Боловсрол суваг" телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Mongolia’s next top model” шоунд амжилттай оролцож, шилдэг оролцогчдын нэг гэгдэж байсан юм. Хэрэг болсны дараа тус телевиз шоу нэвтрүүлгийг эфирт гаргалгүй хэсэг хугацаанд завсарласан ч Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхний хүсэлтээр талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, дахин цацаж эхэлсэн билээ.
Эх сурвалж: Zindaa.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна