Азийн Хөлбөмбөгийн Холбооны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Оман улсын Мускат хотноо өчигдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээгээр 2018 онд бусдаасаа онцгойрсон, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн тоглогч, дасгалжуулагч, холбоодыг алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаад Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлуудаараа дүгнэгдэж Япон болон БНАСАУ-ын хамтаар “Оны шилдэг холбоо” шагналын эздийн нэг боллоо. Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 2018 онд олон улсын томоохон тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан нь ийнхүү тивийн хэмжээнд хүрсэн гэдгийг тус шагнал баталлаа. Мөн Зүүн Азийн АШТ-ий эхний шатнаас түүхэндээ анх удаа эрэгтэй эмэгтэй баг шалгарч, Футзалын 20 хүртэлх насны шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд багтсан нь ч тус шагналыг хүртэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.
Дашрамд дуулгахад ирэх сарын 12-ны өдөр уламжлал болсон Монголын Хөлбөмбөгийн оны шилдгийг тодруулах “Алтан Бөмбөг” ёслолын ажиллагаа явагдах юм. Тус шагнал гардуулах ёслолын гол зочноор дэлхийн домогт хөлбөмбөгчин Данийн шигшээ баг болон Английн Манчестер Юнайтед багийн тоглогч асан Петер Шмейхел хүрэлцэн ирэхээр болсон билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна