Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүрсэн хэмээн Монголбанк мэдээллээ. Тухайн сард Монголбанк валютын захад 266.6 сая ам.доллар нийлүүлсэн нь 2018 он гарснаас хойш хамгийн их хэмжээтэй интервенц болсон аж.
Гэхдээ орох урсгал талаас Хөгжлийн банкны олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 500 сая ам.долларын бондын санхүүжилт орж ирсэн нь гадаад валютын албан нөөц бүрдүүлэхэд эергээр нөлөөлсөн байна. УИХ-аас баталсан 2019 оны мөнгөний бодлогын нэг үндсэн чиглэл нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх бөгөөд энэ хүрээнд Төвбанк дунд хугацаанд 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж үзсэн юм.
Учир нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон богино хугацаат ер төлбөр барагдуулах олон улсын жишиг төвшнөөс бага байгаа гэж Монголбанк тайлбарласан. Мөн ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн VI шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол Улсын ГВАН-д эмзэг байдал оршсоор байгааг анхааруулсан. Тиймээс ирэх онд импортын өсөлт экспортыг давсан нь урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг дурдсан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна