Энэ сарын 15-16-нд жүдо бөхийн Мастерс тэмцээн боллоо. БНХАУ-ын Гуанжоу хотод анх удаа зохиогдсон дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаанд манай жүдочид гурван медальтай өндөрлөв.
Тодруулбал, -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-д Довдонгийн Алтансүх нар хүрэл медаль хүртлээ.
2010 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс Д.Амартүвшин сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтай 14 дэх эрэгтэй жүдоч болсон юм. Эрчүүдээс Мастерст гурваас дээш медаль хүртсэн хүн одоогоор үгүй. Хамгийн амжилттай яваа нь Францын Тедди Ринье аварга, гурван алтан медаль хүртсэн аж.
Сонирхуулахад, 31 насныхаа төрсөн өдрөөр хүрэл медаль хүртэж, өөртөө бэлэг барьсан манай гавьяат IJF-ийн цуврал тэмцээнээс нийт 25 медаль хүртсэн үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс Гүржийн Амиран Папинашвилигийн (27) ард бичигддэг. Тэрбээр Гран При ангиллын тэмцээнд 17 медаль хүртсэн гэдгээрээ тэргүүлдэг билээ.
66 кг-д хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх Мастерс тэмцээнд гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа хүртсэн юм. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан дэлхийн шилдгүүдийн тоонд багтаж яваа.
Сонирхуулахад, Д.Амартүвшин 31 насандаа Мастерсаас медаль хүртсэн нь эрэгтэй жүдочдоос аравдугаарт бичигдэх ахмад нас юм. Тэгвэл Д.Алтансүх 30 нас, 343 хоногтойдоо медаль зүүснээр энэ жагсаалтын арванхоёрдугаарт бичигдэж байна.
Мастерсын хоёр дахь өдөр -100 кг-д Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Гүржийн Варлам Липартеллианитай аваргын төлөө тунасан ч гэмтлийн улмаас татамид гарсангүй. Ийнхүү манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар энэ удаагийн Мастерсыг өндөрлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна