“Сити Баз Консалтинг” ХХК-ийн эмч, 3 хяналтын ажилтан, 2 багийн ахлагч, 2 жолооч, 16 шалгагч долоо хоног бүрийн лхагва гариг бүр зохион байгуулдаг хуваарьт шалгалтын хүрээнд Чиглэл 65 буюу Зайсан – Офицеруудын Ордон чиглэлд ажиллалаа. Энэхүү шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, нийтийн тээврийн орлого нэмэгдүүлэх, зорчигчдод мэдээлэл өгөх, бэлэн мөнгөөр бус цахим картаар үйлчлүүлэх соёлыг дээшлүүлэхэд хяналт тавин ажилласан байна.
Нийтийн тээвэр хянагч шалгагчтай болсон цагаас эхлэн хотын иргэд соёлжиж байна. Өнөөдрийн хуваарьт шалгалтын үеэр автобусанд гардаг зөрчлийн тоо багассан нь харагдаж байлаа. Иргэд нийтийн тээвэрт суухдаа ухаалаг карт ашиглаж байгаа нь сайшаалтай байгаагийн дээр автобусны жолоочид давхар хяналт тавьж, ажиллаж байгаа нь зөрчил бага гарах бас нэгэн давуу тал болж байна. Хуваарьт шалгалтын үеэр шалгагч нартай хамтран ажиллаж, автобусаа цэвэр тохитой дулаан байлгаж, зорчигчидтой соёлтой боловсон харьцдаг жолооч нарт “Сити Баз Консалтинг” ХХК-ийн зүгээс Bluetooth бүхий чихэвч гардуулан өглөө.
“Сити Баз Консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан Ц.Тэрбиш:
“Бид нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих, орлого нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр зорчилтыг таслан зогсоох, иргэддээ мэдээлэл өгөх, нийтийн тээврийн соёлыг түгээхээр энэхүү хуваарьт шалгалтаа хийж байна. Энэ шалгалтын хүрээнд манай шалгагч нартай хамтран ажиллаж, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангаж, соёлтой боловсон үйлчилдэг жолооч нараа өнөөдөр урамшуулж байна. Жолоо барьж байхдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган ажиллахад багахан ч болов тус болох энэхүү чихэвчийг өгч байгаа юм. Хянагч, шалгагч, жолооч нар бүгдээрээ л нийтийн тээврийн хөгжлийн төлөө ажиллаж байгаа. Бидний хамтын ажиллагаа нийтийн тээврийн хөгжлийг нэг шатаар ахиулна. Иргэдийг картаар зорчиход жолооч нарын дуу хоолой, хяналт том давуу тал болдог гэдгийг онцолмоор байна”.
ЭМСИД ХХК-ийн жолооч С.Баярсайхан:
“ Шаардлага хяналтыг тавих нь бидний үүрэг. Бид бүгдээрээ нийтийн тээврийн хөгжлийн төлөө, иргэдийн ая тухтай зорчих тал дээр ажиллаж байна. Мэдээж бэлэн мөнгөөр бус картаар зорчигч иргэн бүр үйлчлүүлж байж гэмээн улсын хөгжил, нийтийн тээврийн хөгжилд том нөлөө үзүүлнэ. Мөн иргэдээ бид соёлжуулах хэрэгтэй. Миний хувьд энэ тал өөрөөс шалтгаалах зүйлсээ л хийж байна. Өөрийн унаагаа тохитой, дулаан байлгах тал дээр ажиллахаас гадна соёлтой боловсноор иргэддээ үйлчилж, бас хяналт тавин ажилладаг. Шинэ жил болж байгаа энэ үед бэлэг авсандаа баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье”.
Зорчигч иргэн бүр соёлтой, боловсон үйлчлүүлвэл нийтийн тээврийн хөгжил нэг шатаар урагшлана. Нийслэл хот нийтийн тээврээ хөгжүүлж чадвал хотын иргэдийн бухимдал, стресс болсон түгжрэл, бөглөрөлөөс салах боломжтой юм.
Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе
Сэтгэгдэл бичигдээгүй байна