Сэтгүүлчид иргэдийн МЭДЭХ ЭРХ-ийн төлөө БОЙКОТ хийлээ

2018/12/20
Тусгаар тогтнолын ордонд өчигдөр /2018.12.19/ хуралдсан МАН-ын Бага хурал хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон юм. Хуралдааныг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид Тусгаар тогтнолын ордонд нэвтэрч чадахгүйд хүрч, мэдээлэл авах боломж бүрдээгүй. Уг байдлыг буруутгасан сэтгүүлчид өнөөдөр /2018.12.20/ зарласан МАН-ын Бага хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр эсэргүүцлээ илэрхийлж, сурвалжлах боломжгүй гэдгээ хэлж, бойкот хийлээ.

Иргэдийн мэдэх эрхийн төлөө бойкот хийсэн сэтгүүлчдийг төлөөлж News.mn сайтын сэтгүүлч Ш.Оюунчимэг “Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх ёстой. Бид олон нийтэд мэдээлэл дамжуулагч учраас ямар ч байгууллага мэдээллээ өгөх үүрэгтэй" хэмээгээд сүүлийн үед сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага руу халдсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа учраас өнөөдөр сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэснийг онцолж байв.
 

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг “МАН-ын бага хурлыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагууд бүхлээрээ ажилласан. Тусгаар тогтнолын ордны хаалгыг бүтэн өдөр дотроос нь түгжиж, -20 гаруй хэмийн хүйтэнд сэтгүүлчдийг байлгаж чадлаа. 20.00 цагт цөөхөн хэдэн хэвлэлийнхнийг нэг өрөөнд хашиж байгаад гаргасан. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажлыг иймэрхүү байдлаар хийлгэж байгаад үнэхээр харамсаж байна" гэв.

Medee.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам “МАН-ын Бага хурал болохоос нэг өдрийн өмнө нээлттэй болно гээд сэтгүүлчдээс мандатын зураг авсан. Гэтэл  өглөө нь гэнэт хаалттай болох боллоо гээд биднийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй. Хэвлэлийнхэн өчигдөр 20 гаруй хэмийн хүйтэнд өдөржин гадаа зогсож, Бага хурлыг сурвалжилсан. УИХ-ын үйл ажиллагаа зогсоод дөрвөн долоо хонож байна. Улстөрчид хоорондоо хэрүүл хийх болохоороо сэтгүүлчдийг дууддаг. Тэгээд сэтгүүлч нар худалдагдсан гэж доромжилдог. Тиймээс энэ байдлыг эсэргүүцэж, өнөөдрийн акцыг зохион байгуулсан" гэлээ.

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний үндсэн үүрэг бол мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай иргэдэд хүргэх. Гэтэл энэ эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлээгүй нь яах аргагүй шүүмжлэх өнцөг мөн. Өмнө нь мөн нэг бус удаа сэтгүүлчдийн мэдээлэх эрх, иргэдийн мэдэх эрхэд халдсан тохиолдол гарч байсан. Тиймээс улс төрийн хүчнүүд, төрд ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд, төрийн өндөрлөгүүд, тэр тусмаа эрх баригч намын хувьд алдаагаа ухамсарлаж, хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй, ил тод ажиллах шаардлагатайг өнөөдөр ийн сануулж байна.

Цааш цаашдаа ч иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлчдийн ажиллах нөхцөлд хаалт болох тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ажлаа хийж чаддаг, нэгдэн нийлж эсэргүүцэл үзүүлэн, дуу хоолойгоо өргөж чаддаг гэдгийг өнөөдрийн үйлдлээр хэвлэлийн салбарын ажилтнууд харууллаа. Хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан, чөлөөт хэвлэлийн зах зээлтэй манай улсын хувьд хэвлэн нийтлэх эрхээ хязгаарлуулах, заалгаж чиглүүлэх, цензурдуулахгүй байх бүрэн эрхтэй. Тиймээс сэтгүүлчид бид иргэдийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ төлөө тэнцвэртэй, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүлзүйг улс орондоо төлөвшүүлэхээр дуу нэгдэн ажиллах нь зүйтэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна