Булганд гарсан хүн амины хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн, улс төрийн шалтгаангүй
Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б гэртээ зодуулан амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр мэдээлсэн.
Хэрэг энэ сарын 18-19-нд шилжих шөнө гарсан бөгөөд Б-г гэртээ амарч байхад нь тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амийг нь хөнөөсөн бөгөөд эхнэр нь хүнд гэмтэж, эмнэлэгт хэвтэх эмчлүүлж байгаа гэдгийг Ц.Туваан хэлсэн юм.
Тэгвэл ЦЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл өглөө.
Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулсан байна.
Мөн Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнн дарга Б.Мөнхбат албан ёсоор мэдээлэл өгсөн байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна