Маяли Сайрус, Лиам Хемсвөрф нар нууцаар хуримлав

2018/12/28
Дэлхийн шоубизнесийн ертөнцийн хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг АНУ-ын дуучин Маяли Сайрус, Австралийн жүжигчин Лиам Хемсвөрф нар маш нууцлаг байдлаар хуримаа хийжээ. Холливудынхны хувьд тэртээ тэргүй анхаарлын төвд байдаг хүмүүс учраас хуримаа сүржин байдлаар хийхийг хүсдэггүй, аль болох гэр бүл хамаатан садны хамгийн дотно хүмүүсийнхээ дунд баяраа хуваалцдаг. Ингэхдээ үнэтэй тансаг ресторан, цогцолбор гэхээс илүүтэйгээр өөрсдийн амьдардаг байшингаа чимэглэж, гэрийнхээ хашаанд бяцхан тайз засч, ёслол хийх нь түгээмэл. Тэгвэл яг л ийм байдалтай, нууцхан энгийн хуримыг Маяли, Лиам нар сонгожээ.


 
Энэ жил 26 настай Маяли, 28 настай Лиам нар нь анх 2009 онд “The Last Song” кинонд хамтран тоглохдоо танилцаж, улмаар үерхэж эхэлсэн. 3 жилийн хугацаанд ихээхэн дуулиан шуугиантай үерхсэн тэд 2013 онд сүйгээ цуцалж, салж буйгаа зарласан билээ. Тэр цагаас хойш Маяли энхрий бяцхан охины дүр төрхөө өөрчилж, уран бүтээлийн хувьд ч тэсрэлт хийсэн Wrecking Ball, We Can’t Stop зэрэг хит дуунуудаа гаргасан. Улмаар 2016 онд хосууд олны нүднээс далдуур хамтдаа харагдах болсон нь тэднийг харилцаагаа сэргээсэн гэх шуугиан дэгдэхэд хүргэсэн. 2016 оны 10 сард Лиам, Маяли нар дахин сүй тавьснаа зарласан бөгөөд 2018 оны 12 сарын 24-нд ийнхүү хуримаа хийлээ. Тэдний хурим Маяли Сайрусын төрөлх Нашьвилл хотод болжээ.


 
Дашрамд хэлэхэд дуучин Маяли Сайрус нь Америкийн алдарт дуучин Вилли Рей Сайрусын охин болж мэндэлсэн тул хар багаасаа урлагаар явж, хүүхэд байхдаа л Диснейгийн телевизийн шоуны од болсон. Харин түүний нөхөр Австралийн жүжигчин Лиам Хемсвөрф нь та бидэнд Thor-ын дүрээр танигдсан Крис Хемсвөрфийн төрсөн дүү нь төдийгүй, маш төстэй харагддаг билээ. Тэрбээр ахынхаа адилаар кино урлагийг хөөж, одоогоор карьертаа “The Hunger Games”, “Independence Day: Resurgence” зэрэг томоохон бүтээлүүдэд гол дүр бүтээгээд байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна