Улиран одож буй 2018 онд нийгэм, эдийн засгийн салбарт болсон онцлох үйл явдлуудаас түүвэрлэж тоймлон хүргэж байна.
НЭГ.Нийслэлийн анхны давхар зам буюу Яармагийн гүүр ашиглалтанд оров
Энэ онд нийслэл хотод ашиглалтанд орсон томоохон бүтээн байгуулалтын нэг нь "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламж байв.
Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан.
Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ХОЁР. Шүд, эрүү нүүрний төв шинэ байранд оров
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. 1986 онд байгуулагдсан энэ төв жилдээ 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Уг төв гурван жил зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард шинэ байрандаа нүүж оров.
Иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болсон байна.
ГУРАВ. Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхлэв
2018 онд Монгол Улсад эхэлсэн онцлох бүтээн байгуулалт бол олон жилийн турш яригдсан нефть боловсруулах үйлвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явдал байв.
БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавив.
ДӨРӨВ.Монгол хүүхдүүд оюун ухааны тэмцээнүүдэд амжилттай оролцов
Улирч буй онд Монголын Оюун Ухааны Академийн хүүхэд, залуучууд амжилтаар дүүрэн байлаа. Тус академи дээр цугларсан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд энэ онд Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Автри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын тэмцээнүүдэд оролцож медалийнхаа тоог 879 болгож дэлхийн олон дээд амжилтыг үзүүлсэн байгаа.
Олон улсын Их мастер Э.Лхагвадулам, Олон улсын Их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болсон. Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар Дэлхийн холбооны шинэ мастерууд болсон байна.
ТАВ.Нийслэл эрчим хүчний тэг зогсолт хийв
“Дулааны цахилгаан станц-IV”-д гэмтэл гарч есдүгээр сарын 15-ны өглөөний 10.00 цагаас үдэш хүртэл улсын нийслэл Улаанбаатар нийтээрээ гэрэл цахилгаангүй болов. Нийслэлчүүдийн амьдралын хэв маягыг эвдсэн, ахуйн асуудлуудыг тасалдуулсан энэ хэрэг явдал төвийн шугамын халаалт арай эхлээгүй, хүйтний эрч чангараагүй байхад өрнөсөн. Энэ нь нийслэлчүүдийн хувьд азтай хэрэг байв.
Тэг зогсолтын ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай үйлдэл гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн юм. Гэмтэл аваараас үүдсэн хохирлыг барагдуулаагүй бөгөөд хариуцлага алдсан хэдэн алба хаагчийг ажлаас нь халж асуудлыг тухайн үед намжаасан юм.
ЗУРГАА: Шатахууны үнийн өсөлт ба иргэдийн ядуурал
2018 онд импортын чухал бүтээгдэхүүн шатахууны үнэ 47 хувь нэмэгдээд байна. Гэвч шатахууны үнийн өсөлтийн эсрэг Засгийн газар ямар ч арга хэмжээ авсангүй. Үнийн өсөлт дэлхийн зах зээлд нэмэгдсэн нефть, шатахууны өсөлтөөс хамааралтай гэдэг үгээр ам тагласаар ирсэн.
Арванхоёрдугаар сарын эхээр Засгийн газар АИ 92 шатахууныг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсныг эс тооцвол импортын бүтээгдэхүүний үнийг зоргоор нь тавиад туучихав. Хожуу, нэр төдий ёслон буулгасан шатахууны үнийн 100 төгрөг нэгэнт өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ч өөрчлөлт оруулж чадсангүй. Үүнтэй зэрэгцэн айл өрхийн амьжиргааны түвшин улам буурч, ядуурал дахин мэдэгдэхүйц өслөө.
ДОЛОО.Галт тэрэг осолдож, олон зорчигч гэмтэв
Энэ зун үе үе орсон аадар бороо нийслэл төдийгүй орон нутгийн зам, дэд бүтэц, цахилгааны шугам, орон сууцны барилгуудын чанарыг шалгаж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тухайлбал, энэ зун олон хоног орсон аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн зам эвдэрч 10 тэрбум төгрөгний хохирол учирсан.
Мөн Баян-Өлгий аймгийн 800 гаруй айл усанд автаж, 4000 орчим иргэн орон гэргүй болов. Цаашлаад Дорноговь аймгийн Айраг суманд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэг үерийн улмаас осолдсон нь Монгол Улсад урьд хожид болж байгаагүй томоохон галт тэрэгний осол байсан юм.
НАЙМ.Багш, эмч нар ажил хаяв
Өнгөрөгч намар эмч, багш нар ажил хаят зарласанаар нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй, салбарын сайд болон МҮЭХ, холбогдох албан тушаалтнууд багш нарын төлөөлөл хоорондоо харилцан тохиролцож, 10 гаруй хоногийн дараа ажил хаялтаа албан ёсоор зогсоосон билээ. Ингээд есдүгээр сарын 17 буюу даваа гарагаас эхэлж хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдсан юм
Ерөнхийдөө Эрүүл мэнд, боловсролын салбарынхан 2016 оноос эхлэн Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Гэвч нааштай хариу авч чадахгүй байсан эмч багш нар энэ намар тэмцлээ хурцатгав.
Долдугаар сарын 5-наас бүх шатны эмнэлгүүд ажил хаяхаа зарлан эмч нар үсээ хүртэл хуссан бол Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үеэр багш нар 14 хоног ажил хаяж цалингаа 20 хүртэл хувь нэмүүлэх шийдвэрийг гаргууллаа. Шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
ЕС.100 айлыг Налайх руу нүүлгэхээр болов
100 айлын 100 зовлонг цэгцлэх шийдвэрийг НИТХ-аас гаргав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа.
Хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн. Ийнхүү хотоос гаргаж Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг ээлж дараалалтай хийж буй.
АРАВ.Дарханы замыг 60 сая ам.доллараар шинэчилж засварлана
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Уг хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр болов.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамд хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг тэмдэглэгджээ. Эдгээр цэгт зам засвараас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглээг сайжруулах зэрэг ажлыг энэ 2019 оноос эхэлж хийнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна