Кисэносато аваргын зодог тайлах ёслол 9-р сарын 29-нд болно

2019/01/23
Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээний дундуур Япон аварга Кисэносато зодог тайлах шийдвэрээ гаргасан. Тэгвэл ёкозүна Кисэносатогийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 29-нд Кокүгикан ордонд явагдах болжээ. Ёслолын үеэр Оичёо буюу үс авах ёслол, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болно. 18 жил ёкозүнагүй байсан япончуудад “аварга цол” авчирч өгсөн түүний үсэнд хэдэн хүн хайч хүргэх нь сонирхол татаж байгаа юм.

Есдүгээр сарын 29 гэдэг нь Кисэносатогийн анхны багш буюу мэргэжлийн сүмогийн 59 дэх ёкозүна Таканосато асны төрсөн өдөр юм. Гэвч Тагоноүра дэвжээнээс албаар ингэж тааруулсан хэрэг биш, Кокүгикан ордны сул өдөр нь ингэж таарсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Кисэносато 2009 онд Араисо оякатагийн нэрийн лицензийг авсан байсан. Тиймээс зодог тайлаад шууд энэ нэрээрээ ояката болж байгаа юм. Тагоноүра дэвжээндээ туслах ояката хийх бөгөөд Сүмо бөхийн холбооны анхны ажил нь 2-р сарын 9-нд Кокүгикан ордонд болох NHK телевизийн нэрэмжит тэмцээн гэнэ. Хэчнээн ёкозүна байсан ч гэсэн шинэ ояката тул юуны өмнө хамгаалалт, аюулгүй байдлын хэсэгт ажиллаж эхлэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна