Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт хүчтэй байсан Америкт 1960-аад онд тун хачирхалтай үйл явдал болсон нь боловсролтой чинээлэг хар арьст эр боссын суудалд, харин ширүүн дориун цагаан арьст эр түүний жолооч/бие хамгаалагч/үнэнч найз/цор ганц андын үүргийг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал билээ. Хар арьст хүн бусдын адил bar, хоолны газраар үйлчлүүлж болдоггүй, зөвхөн харуудыг орохыг зөвшөөрсөн ядруухан газруудад л орох эрхтэй, цагдаа нарын анхааралд тогтмол өртөж, тэдний дарамт шахалтанд байсан үеийг тун чадварлагаар үзүүлжээ.
Энэ жилийн Оскарын кино наадмын шилдэг кино төрлийн шагналд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх магадлалтай кино бол “Green Book” буюу Ногоон ном гэх кино юм. АНУ-ын үндэсний кино судлалын хүрээлэнгээс 2018 оны хамгийн шилдэг кино хэмээн тодруулаад буй Green Book-т Холливудын шилдгүүд болох Махершала Али, Вигго Мортенсен нар тогложээ. Киноны үйл явдлын хувьд дээр хэлсэнчлэн бодит түүхээс сэдэвлэсэн онцлогтой. Африк гаралтай төгөлдөр хуурч Дон Ширли нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээрээ олонд танигдсан Америкийн өмнөд нутгуудаар аялан тоглолт хийх болоход жолоочийн хэрэгцээ шаардлага гардаг. Ингээд Нью-Йорк хотын bar, цэнгээний газруудад ихээхэн зартай зодоонч эр болох “Тони Лип” хочит Франкиг хөлсөлдөг.
Хэзээний харуудад дургүй, тэдэнд хүнлэг ёсоор хандах ёстой гэдэг эхнэрийнхээ үзэл бодлыг таашаадаггүй боловч, эхнэртээ ухаангүй хайртай Тони урт удаан аялан тоглолтын явцад ертөнцийг үзэх үзэл, хүн хүнээ гэх сэтгэл, авьяас ур чадварыг үнэлэх үнэлэмждээ томоохон өөрчлөлтийг хийж чаддаг. 23 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино одоогийн байдлаар 60 сая ам.долларын орлогыг цуглуулаад байна. Тун саяхан болж өнгөрсөн Алтан Бөмбөрцөг кино наадамд хамгийн олон буюу 3 төрөлд ялалт байгуулсан Green Book уран сайхны кино нь 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах наадмын 5 номинацид нэр дэвшээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна