Гитарчийн хүү дуучин болжээ

2019/03/20
Тэнгэрийн хаяанд шингэж буй том улаан нарны гэгээ сэтгэлд тунарна. Тэр л нарыг жаргахаас нь өмнө амжиж хайрлах мэт эсвэл анхны хайрын нандинхан бодол, дурсамж хөвүүлэх мэт хэдэн хүүхэд гэр хорооллын ус түгээх худагын дэргэд гитарын аялгуунд хөг нэмэн дуулалдана. Хаврын дулаахан үдэш өсвөр насныхан ийнхүү найз нөхдөөрөө нийлэн гитар тоглож дуулж суудаг зураглал хаа сайгүй л байдаг. Гэхдээ л тэр хүүхдүүд дундаас намхан бор хүүгийн хоолой арайл өөр содон сонсогддог байлаа. Өдөр нь гэртээ ус зөөж, хичээл номондоо гуйж оройн цагаар цуглаж гитартайгаа дуулж үеийн охидодоо сэмхэн харц шидсэн тэр л он жилүүд дурдалтгал болон үлдэж. Өнөөх дуучин хөвгүүд минь аль хэдийн амьдралын цагаан замд хөл тавьжээ. Тэр дунд нүдээ үл ялимхан аниад

 “Шүүдэр сандраах өвсөн шугуй
Шөнийн талдаа өдөн нөмрөгтэй”
гээд л дуулдаг байсан өнөөх намхан бор хүү одоо ч гитартайгаа дуулсаар л явна. Түүгээр ч зогсохгүй энэ сарын 29 нд Улаанбаатар төмөр замын чуулгын алтан тайзан дээр анхны бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Түүнийг одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ая зохиогч, дуучин Баттулгын Чинбаяр гэдэг болжээ.
Олон олон чамин цэцэгсийн дундаас
Омголон зүрхэнд минь дэлбээлж ургасан
Онцгой содон гоёмсог цэцэг чамайг
Оргилон булгилах хайраараа услан дэлгэрүүлье...ийнхүү гэгээхэн хайрын шүлгүүд бичиж суудаг энэ залуу  “Гэрэл рүү тэмүүлэхү” нэртэй шгүлгийн номтой. Түүний шүлгүүдээс нэг зүйл анзаарагддаг. Энэ нь үргэлж л сайхан бүхэн рүү, аз жаргал бүхэн рүү тэмүүлсэн сэтгэл. Бусдыг хайрласан сэтгэл. Бас цагаахан алдаа, гэнэхэн атлаа хэнэггүйхэн тус анзаарагддаг.  Хотод төрж өссөн гэхэд аргал үнэртэж адуу тургисан шүлэг бичдэг энэ залуу хорвоо дээр зөвийн совинтой амьдардаг. Энэ нь хүний орчлонд хүн байхын хамгийн том чанар мэт санагддагыг нуух юун. Мөн олон сайхан яруу найрагчдийн бүтээлд аялгуу зохионсон аж. Тухайлбал “Ээждээ өргөх дуу”,”Баяртай гэж хэлэхгүй”, “Чамайгаа санах юм”, “Ялгуун хайрын дуу”, “Бүсгүй аялгуу”, “Миний эх орон”, “Сэтгэлийн хайлан”, “Амьд ертөнц”, “Ижийдээ дуулъя”зэрэг урын сандаа 50 гаруй дуутай. Сэтгэлээс төрсөн шүлгэнд сэтгэлээс урссан аялгуу бүтээж сэтгэлд хүрсэн дуучнаар дуулуулах нь энэхэн орчлонгийн сэтгэлийн их хайлан, уяралыг бий болгодог. Дуулж тайтгардаг, дуулж найрладаг, дуулж жаргадаг монгол түмний дунд хөг нэмж яваа энэ сайхан дуучин, сайхан аялгуу зохиогчид холын холд хүрэх, оргилын оргилд гарах зам харгуй их. Түүний “Ялгуун хайрын аялгуу” нэртэй уран бүтээлийн тоглолтод МУГЖ Б.Ганчимэг, Ж.Одмаа, МУСТА Э.Чулуунчимэг, Б.Энхбаяр гээд олон сайхан уран бүтээлчид оролцож байгаа нь түүнийг ямархан цар хүрээтэй уран бүтээлч вэ гэдгийг тодотгох биз. Ийнхүү өөрийн гэсэн өнгө аястай нэгэн сайхан залуу уран бүтээлчийн өд нь ургаж их урлагийн тэнгэрт жигүүрээ дэвэх гэж байна. Б.Чинбаярын “Ялгуун хайрын аялгуу” тоглолт түмний сэтгэлд нэг үдэш дулаан өнгө нандин мэдрэмж халуун сэтгэлээр дүүрэн байна гэдэгт итгэнэм.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна