Ирэх сард болох үндэсний бөхийн барилдаанууд
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх сард зохион байгуулах барилдааны хуваарийг зарлажээ. Одоогоор улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон хоёр, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн хоёр барилдаан болохоор товложээ.
Дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагийн 14:00 цагт “Ардчилсан намын ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн бөх 2,5, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн бай гардах аж.
Дөрөвдүгээр сарын 14-ны ням гарагт “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан” болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорино. Хоёр жил орчим завсарласан “Дөрвөн уулын хишиг барилдаан” ийнхүү үргэлжлэх нь ээ.
Дөрөвдүгээр сарын 21-ний 14:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, гавьяат дасгалжуулагч Очирын Цэрэндагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Дөрөвдүгээр сарын 28-ны 14:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын начин Цогт-Очирын Баянмөнхийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Дээрх барилдаануудаас гадна сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, өсвөр үе, нийтийн монгол бөхийн барилдаанууд зохиогдоно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна