Иргэд нийтийн тээврээр зорчих бүртээ И-БАРИМТ авдаг болно
Бид нийтийн тээврийн үйлчилгээнд U MONEY картыг нэвтрүүлээд нилээдгүй хугацааг өнгөрүүллээ.
Тус үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээнд олон дэвшил авчирсан гэж хэлж болно. Хамгийн чухал нь нийтийн тээвэр зорчигчдын урсгалыг тодорхойлох, нэгж иргэн хаанаас хаа хүртэл тогтмол явдаг зэрэг мэдээлэл нь тодорхой болж нэг бүрчлэн тоологддог болсон байна.
Мөн өдөрт хэдэн хүн тогтмол үйлчлүүлж байна, тэдгээрийн хэд нь ахмад настан эсвэл оюутан байгааг, аль автобусны буудал ачаалал ихтэй байна вэ гэдгийг нарийн харах боломжтой болжээ.
Үүнээс гадна иргэд автобусандаа үнэгүй дамжин суух давуу талтай болсон юм.
Үнэ төлбөргүй дамжин суухдаа зорчигч хэд хэдэн нөхцлийг хангах ёстой.
1. Дамжин суухаар бол өмнөх чиглэлээсээ өөр чиглэлийн автобусаар зорчих ёстой. Нэг үгээр буусан автобусныхаа нэг чиглэлийн автобусанд дахин суувал дамжин суултын хөнгөлөлт эдлэхгүй.
2. Эхний автобуснаас буухдаа картаа уншуулснаар дараагийн автобусанд үнэгүй дамжин суух боломжтой болно
3. Дамжин суулт 30 минутын хугацаанд хүчинтэй. Түүнээс хэтэрвэл үнэгүй дамжин суух боломжгүй.
4. Нэг удаа дамжин сууснаас хойшхи дараагийн дамжин суулт 4 цагийн дараа идэвхжинэ. Гэхдээ өмнө нь дамжин суугаад буухдаа картаа мөн л уншуулах ёстой юм. Тэгж байж 4 цагийн дараах үнэгүй дамжин суулт идэвхжих юм. Иргэд "өглөө үнэгүй дамжин суугаад орой болохгүй байна" гэсэн гомдлыг хэлдэг. Тэгэхээр өглөө дамжин суучихаад буухдаа картаа уншуулах ёстой гэсэн үг юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ хуулиараа НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг учир буцаан олголт өгөх боломжгүй ч тодорхой төлбөр төлөлт хийгдэж байгаа учир иргэдийн нийтийн тээврээр зорчих бүрд НӨАТ-ын сугалааны дугаар авах боломжтой болгохоор Татварын ерөнхий газартай хамтран бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар “Улаанбаатар Смарт карт” Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлстийн менежер Ц.Түвшинжаргал хэллээ. Энэ ажил хэрэгжвэл нийтийн тээврийн салбарт томоохон ахиц гарах юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна