Р.Эмүжин: Мандах нар мэт...

2019/04/09
Мандах нар мэт гэгээн амьдрахыг хүснэ
Маргаашийн өдөрт итгэж амьдрахыг хүснэ
Алдаа оноо, шунал хүслээр дүүрэн хорвоог
Амгалан агаад бардамхан туулахыг хүснэ

Хайр болоод хараас нуугдаад хаачих билээ
Харц болоод шуналаас зугтаад яах билээ
Жаргал болоод зовлонг үгүйсгээд яанам билээ
Жаран жарны амьдралаас уйдах минь хэзээ билээ

Дэндүү гэгэлгэн сэтгэлээ хуурч би чадахгүй
Дэврүүн гэнэн насаа хазаарлаж би мэдэхгүй
Мөнгөнд бөхийж, өнгөнд дурлаагүй
Мөхөл мэт хэцүүг мөрөөдлөөр туулдаг

Ялалт, ялагдлын хооронд ихэмсэг оршиж
Янаглал, ядуурлын дундуур эрхэмсэг зорчиж
Учрах, урвах тавиланг ухаанаар гэтэлж
Унах, босохын зуур өөрийгөө олдог

Өндрийн салхи мэт омогшиж, бэлийн чулуу мэт хатуужсан
Өвсний чимээ мэт гуниглан, өвлийн од мэт гялтганасан
Өнчрөл, өвдөлтийн өмнө өвдөг сөгдөөгүй
Өсөрхөл, өөриймслийн өмнө мэхийгээгүй
Асгарах нулимс минь нууцхан урсаж сурсан
Амьдралыг өөрөөр яаж элээх билээ?

 Р.ЭМҮЖИН. 2007


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна