Сангийн сайд асан С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татжээ

2019/04/10
Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа бөгөөд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм байна. Түүний оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, яллагдагчаар татжээ.

Оюутолгойн гэрээг гардан хийсэн гэх Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс хоёр удаа хорих шийдвэр гаргасан байдаг.  Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд хорьж, улмаар зургадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин хуулийн байгууллагаас дахин хорих шийдвэр гаргахдаа  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.

АТГ-аас энэ талаар мэдээлэл хийхдээ “Сангийн сайд асан С.Баярцогт  Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.  Харин гэрээг үзэглэж,  компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг.  Хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдсон учраас түүнийг хорих шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна