2011 онд ДЭМБ хайрыг сэтгэцийн өвчин хэмээн тодорхойлсон. Үе үеийн яруу найрагч, зохиолчид хайрыг галзуурал, зовлонтой зүйрлэж бичсээр ирсэн. Хайр бол хүний мэдэрч болох хамгийн их аз жаргал, хамгийн их уй гуниг.
Нэнси,
Чи бол миний бяцxан охин, би чиний бүх айдсыг мэднэ,
Чамайг энгэртээ тэвэрч, нулимсыг чинь арчих шиг баяр үгүй,
Гэвч одоо чи байхгүй, зөвхөн зовлон л хажууд минь, би юу ч хийж чадахгүй,
Би чамтай л амьдрахгүй юм бол огт амьдрахыг хүсэхгүй байна
Сид Вишьюз
Энэ шүлгийг бичсэнээс ердөө хоёр сарын дараа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж жам бусаар хорвоог орхисон ''Sex Pistols'' хамтлагийн дуучин Сид Вишьюз болон түүний найз бүсгүй Нэнси Спанжений ''панк- хайрын'' түүхийг дэлхий нийт мэднэ. Хосууд өөрсдийн үнэнч байдлаа Сид- Нэнсигийнхтэй зүйрлэх дуртай. Орчин үеийн Ромео Жульет гэгдэх Сид Нэнсигийн түүх үнэн хэрэгтээ ямар байв?
Хар тамхи, хэрүүл зодоон, үзэн ядалт, хайраар дүүрэн тэдний харьцаа 1977 онд Лондонд хамтлагийн тоглолтын дараа хамтлагийн гишүүдтэй уулзахаар хүлээж зогссон Нэнси гоцлол дуучин, басс гитарчин Сидтэй харц тулгарах мөчид эхэлжээ. Тэд бие биедээ дурлаж, гадаад ертөнцийг умартаж эхлэв. Сид Нэнсигийн нөлөөгөөр хар тамхинд донтох болж, 1978 оны нэгдүгээр сард амжилттай өсөж явсан хамтлагаа тараав. Сид хэрцгий авирлах болж, нэг бол согтуу, эсвэл мансуурсан байдалтай явдаг байлаа. Найзууд, дотнын хүмүүс нь Нэнси түүнд муугаар нөлөөлж байна хэмээн сануулсан ч Сид Нэнсид аль хэдийн ухаангүй дурлажээ.
Хамтлагаас гарсны дараа Сид өөрийн соло карьерыг эхлүүлэхийг оролдсон ч үзэгчид түүнийг үеэ өнгөрөөсөн хэмээн үзжээ. Сидийн Нэнсиг гэх хайр хөрж, хар тамхинаас гарж, Англид очиж амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн ч тэр үед гүнзгий сэтгэл гутралд автаад байсан Нэнсид Сидийн бодол таалагдсангүй. Тэдний энэхүү зөрчил нэг шөнө тэдний ээлжит хэрүүлийн үеэр эцэстээ хүрэв. Сид Англи явна гэж зөрүүдлэхэд Нэнси Сидээс өөрийг нь алахыг гуйв. Тэд мансуурсан чигтээ зодолдож, хэрэлдэж, энэ нь эцэстээ Нэнсиг Сид хутгалахад хүрэв. Сид Нэнсиг санамсаргүй хутгалсан гэсэн ч Нэнси үхлийн шарх авсан байлаа. Нэнсигийн үхлийн дараа Сид сэтгэцийн хямралд орж, галзуурч эхэлнэ. Түүнийг Нэнсигийн үхэлд гашуудаж хар тамхийг ихээр хэрэглэн амиа хорлосон гэх яриа ч байдаг. Нэнсигийн үхлээс хоёрхон сарын дараа гунигаа дийлээгүй Сид энэ хорвоог орхин одов.
Тэдний түүхээс сэдэвлэгдсэн ''Love Kills'' кино 1986 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Энэ киног гаргах сургаар Сидийн ээж Анн Берверли дургүйцсэн ч найруулагч Алекс Кокстой уулзсаны дараа бодлоо өөрчилж, зөвшөөрч, тэр ч бүү хэл кино зураг авалтад тусалжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна