Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” –ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар 8 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү сарын аянтай холбоотойгоор БОАЖЯ, Аялал жуулчлалын ур чадварын төв хамтран “Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө” нэг сарын аяныг эхлүүлж, өчигдөр /2019.04.03/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Газрын дарга П.Энхтайван оролцлоо. Тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны ач холбогдол болоод сарын аяны хүрээнд ХАБЭМТөвөөс хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.
БОАЖЯамнаас энэхүү сарын аяныг “Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө” уриан дор анх удаа зохион байгуулж буй аж. Уг аян нь аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлийг урьдчилан тооцоолж, түүний хор хохирлыг бууруулах, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н удирдлага менежментийн тогтолцоо, арга механизм, түүнийг ягштал биелүүлэх ухамсар дадал, зан төлөвийг салбарын аж ахуйн нэгжүүддээ хэвшүүлэх, сурталчлан таниулах, олон нийтийн хүртээл болгох зорилготойгоор зохион байгуулж байгаа юм байна.
Тус яам нь энэхүү аяны хүрээнд
-Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж байгууллагын “Ажил олгогч эздийн сургалт”-ыг зохион байгуулах,
-Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж байгууллагын “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт” -ыг зохион байгуулах,
-Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах,
– Аюул эрсдэлийг илрүүлэх кампанит ажил зохион байгуулах,
-“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012” стандартыг аялал жуулчлалын салбарын байгууллагуудад сурталчлан таниулах
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага, хэрэглэх заавар ISO 45001:2018 стандартыг сурталчлан таниулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна