Эмүжингээс гурван хаандаа гуниг өвөрлөн илгээв

2019/04/18
Хан Хэнтийн залуус
Хайран улсыг минь юу болгоно вэ
Хонгор нутгийн холбоотнууд
Хотол олныг минь хэн болгоно вэ
Шүдгүй гурван арслан маань
Шүүслэдэг гурван хаан болов
Араагүй гурван арслан маань
Архирдаг гурван ноён болов
Суудал нь бачимдлаа гэнэ 
Сураг нь өслөө гэнэ
Сэнтий нь намдлаа гэнэ
Сэлэм нь багадлаа гэнэ
Эрх мэдлээ үржүүлчихээд
Эрх ямбаа өсгөчихөөд
Эрийн сайн эр болно гэнэ
Энэ улсыг хөгжүүлнэ гэнэ
Гурван хааны эрх мэдэл
Гэрлийн хурдаар өсөв
Гундуу түмний амьдрал
Гурван үедээ уруудав
Манай Ерөнхийлөгч малийв
Малийндуулсан Ерөнхий сайд марсайв
Хурлын дарга хуурай лоозогнов
Худлаа Засаг нь хумсаа харуулав
Хонгилоо түрээслээд ховоор жолоодов
Хорстол алга ташаад хожоо хайв
Холгодог гуталтай холдоо гарав
Хоноцын авир өдөртөө хувирав
Нямка сайд дагаж далдаганав
Намбатай Лүндээ дасаж намирав
Даварсан Оюук дарвайтал попров
Дагасан Зандан далчийтал топров
Хуурамч цагийн өнгөн дээр
Хуульгүй шүүгчид тушаал ахив
Гандуу цагийн нүүрэн дээр
Гаслант засаг гар дамжив
Төрөөрөө шал арчив
Түмнээрээ шавхай арчив
Үндсэн хуулиараа үүрээ зүлгэв
Үглэсэн хуульчдаараа нүүрээ зүлгэв
Бичлэгийн архивтай Баттулга
Биширмээр их хүчийг олов
Барьцааны сайдуудтай Хүрэлсүх
Барцадтай их нэрийг олов
Ажил олгодог бизнес эрхлэгчдээ
Амбаарт хорьчихоор хэн татвар төлнө?
Цалин тавьдаг үйлдвэр эрхлэгчдээ
Цаламдаж банздаад хэн хожих юм?
Гурван хааныхаа амбицаар
Гуринхалсан ходоодоо дүүргэх үү
Гудиггүй их ам хэлээр нь
Гурайтсан хоншоороо тослох уу
Хоосон попорч давхиад
Хонгилоос хөгжил дэгээдэх үү
Дэвэрсэн их хүсэл шуналаар нь
Дээврээс бороо оруулах уу
Гурав үржсэн нэр төрөөр нь
Гурилтай лавшаа хийлтэй ч биш дээ
Гурван тэрбумтныхаа эрх мэдлээр
Гунигаа угаагаад инээлтэй ч биш дээ
Үрэлгэн түшээдийн чинь хөрөнгө орлогоор
Үр хүүхдээ тэжээлтэй ч биш дээ
Өндөр сэнтийний чинь өртөг зардлаар
Өвөө эмээгээ тордох ч биш дээ
Ард түмэн чинь ядуу байна
Атга гурил үнэтэй байна
Олон түмэн чинь зутруу байна
Олгой цувдай үнэтэй байна
Ханаж цаддаг ч болоосой
Хаадын минь шуналт хүсэл
Халгиж цалгидаг ч болоосой
Харц ардын хоногийн амьдрал
Гурван сар ч бололгүй
Гурван тийшээ салахын цагт
Гутарсан улс минь гурав хуваагдах уу
Гундсан Монгол хоёр талцах уу
Хаврын өдрийн аашийг яана
Ханат улсын минь гундууг яана
Халх Монголын заяаг яана
Хамаг ардын итгэлийг яана?
Хан Хэнтийн залуус
Хайран улсыг минь юу болгоно вэ
Хонгор нутгийн холбоотнууд
Хотол түмнийг минь хэн болгоно вэ
Арван түмэн адуу нь
Араараа бэлчлээ ч эзэн үгүй
Арван үедээ жижиг ноёд нь
Ардаараа тогловч хөгжих нь үгүй
Ай хө гэж... 

Р.ЭМҮЖИН.2019.04.18


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна