Амьтан тэжээнэ гэдэг хүүхэд өсгөхтэй ижил маш том хариуцлага байдаг. Тэдний бүхий л амьдрал танаас шалтгаалах тул сайн асарч хамгаалж, аюулгүй амьдралаар хангах нь эзэн таны үүрэг.
Орон сууцанд тэжээх боломжтой, арчилгаа бага шаарддаг, өхөөрдөм эгдүүтэй, ухаантай ''үсэн бөмбөлгүүдээ'' гэрээс гаргаж салхилуулах шаардлагатай юу эсвэл шаардлагагүй юу гэдэг дээр олон эзэд эргэлздэг. Гадаах орчин мууранд дэндүү аюултай, хаа сайгүй машин сүлжилдсэн энэ хотод муурыг үзэн яддаг ''сэтгэцийн өвчтэй'' ухаан муутай хүмүүс ч олон бий.
Бидний асуултад хариулт болгож АНУ-ын мал эмнэлгийн холбооноос ''Гэрийн тэжээвэр муурнууд эзэнгүй муурнуудаас илүү урт амьдардаг, мөн эрүүл байдаг. Гадаах орчинд замын хөдөлгөөн, бусад амьтад, өвчин зэргээс болж амь эрсдэх аюултай. Муур гэртээ л байх дуртай. Гадаа ертөнцөд байж дасаагүй муур гарсан тохиолдолд стресст автана'' хэмээн мэдэгдэл хийжээ.
Гэсэн ч эмч нарын сануулгыг үл тоон зарим эзэд муураа хараа хяналтгүй гадагш гаргасаар л байна. ''Өвөг дээдсийнхээ зэрлэг байгалийн инстинкттэй муураа гэртээ л байлгах нь уралдааны машинаа гараашид байлгахтай адил шүү дээ. Муур ан хийж, гадаа дураараа гүйх эрхтэй. Үүнийгээ ч хүсэж, бие махбод нь тэднээс шаарддаг.'' хэмээн ''Муурын иргэншил: Бидний муур нохойтой харьцах харьцааны хувьсал'' нэрт номын зохиогч Девид Гримм өгүүлжээ. Түүний хэлснээр муурыг зөвхөн гэртээ л байлгах нь муурын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох ч таны муур чихрийн шижин, илүүдэл жин зэрэг өвчнөөр шаналаагүй л бол гэрээсээ гаргахгүй байхыг зөвлөж байна.
Нохойд бариулах, машинд дайруулах, эсвэл хэн нэгэн ухаан муутай хүний үзэн ядалтаас болж чулуугаар шидүүлэх, хөөж туугдах зэрэг маш олон аюул тэднийг гадаа хүлээж байдаг. Тиймээс гаргахаар шийдсэн бол эзэн өөрөө дэргэдээс нь холдохгүй, хүзүүвч хөтөлгөөг нь сайтар бэхэлж, өөрийн хаяг, утасны дугаар бичсэн пайзыг муурынхаа хүзүүвчинд заавал зүүж, дээд зэргийн анхаарал болгоомжтой салхилуулах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна