С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.
Тэгвэл ШШГЕГ-ын хоёр ажилтны нэг нь өмнө нь Тагнуулын ерөнхий газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх ба хоригдохоосоо өмнө ШШГЕГ-т албан тушаал хашиж байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх этгээдийг Үржнээгийн Отгонбаяр гэдэг ба тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэнэ.
Ү.Отгонбаярын талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс халагдсан гээд байгаа Үржнээгийн Отгонбаяр гэж хүн байгаа юм. Наадах чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан биш. Шүүхийн шийдвэрийн удирдлагад шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хүн л байх ёстой. Цагдаад ажиллаж байгаа хүмүүсээс цагдаад дэвшүүлэх ёстой. Энд тэндээс хүн авчирч тавих зарчим минийх биш. Хоёрдугаарт наадах чинь ахлах дэслэгч цолтой тагнуулд ажиллаж байсан хүн юм билээ.
Шүүхийн шийдвэрт ирээд шууд дэд хурандаа болсон. Дөрвөн сарын дотор хурандаа болсон. Ийм юм байж болох уу. Шүүхийн шийдвэрт насаараа ажилласан өч төчнөөн хүнээр яагаад ажлыг нь хийлгэж болдоггүй юм. Ийм үндэслэлээр наад хүн чинь явсан. Систем жаахан шударга байх ёстой биз дээ. Яахаараа ахлах дэслэгч цолтой хүнийг танил талаараа авчраад дөрвөн сарын дотор хурандаа болгодог юм" хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна