Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно

2019/04/30
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ.



Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан бөгөөд энэ удаад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд:

- ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;
- авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;
- авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;
- салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;
мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;
- авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
- авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;
- авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна