Капитал банкны 5277 хадгаламж эзэмшигчдэд 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ

2019/04/30
“Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно хэмээн мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авах зөвлөл нь Капитал банкны санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ дагуу Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолон нөхөн төлбөр олгох жагсаалтыг гаргаж, холбогдох санхүүжилтийн хамт Хаан банканд шилжүүлж нөхөн төлбөр олгох ажиллагааг эхлүүлсэн байна.
Капитал банканд нийт 439,322 харилцагч байгаагаас харилцах, хадгаламж эзэмшдэг 269,228 харилцагч, эдгээрээс 260,189 нь даатгалд хамрагдсан байна.

Хадгаламжийн даатгалын корпорациас эдгээр 260,189 иргэн, хуулийн этгээдийн 39.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгийг ХААН банканд шилжүүлсэн бөгөөд улмаар ХААН банк энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.

Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгож эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын 24-ний байдлаар 5277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж.

Тэгвэл 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдийн хохирлыг эрх хүлээн авагч Монголбанкны зүгээс 60 хоногийн дотор барагдуулахаар ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшдэг 20 гаруй хувь хүн, хуулийн этгээд байдаг ажээ.

Дашрамд дуулгахад, Капитал банкны харилцагчдын 99.5 хувь нь 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигч байсан ба үлдсэн 0.5 хувь нь 20 саяас дээш дүнтэй хадгаламж эзэмшигч байгаа Монголбанкнаас мэдээлсэн байдаг.  
 
Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна