Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй болсон ''Хаан ширээний тоглоом'' цувралын сүүлийн сэтгэл догдлуулам, нулимс асгаруулам ангиуд үзэгчдийн хүртээл болсоор байгаа билээ. Урлаг хүнийг зугаацуулахаас гадна хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Бүтэн найман жилийн турш хамт байсан Хаан ширээний тоглоом цувралаас бид ямар зүйлсийг сурсан бэ? Хэнд итгэж, хэнд итгэж болохгүйгээс эхлээд амьдралд чухал хэрэг болох маш олон зүйлсийг киногоор дамжуулж сурсан гэж найдаж байна.
Эмэгтэй хүнийг бүү бас
Эмэгтэй хүнийг дорд үздэг Роберт Бартеон, Нед Старк, Жоффри, Рамси Болтон, Литллфингер гэх мэт дүрүүд бүгд нэг нэгээрээ амаараа шороо үмхсэн байхад одоо хэн үлдсэн байгааг хар даа. Даенерис, Санса, Арья, Бриенне, Серсей зэрэг хүчирхэг эмэгтэйчүүд бүхнийг зохицуулаад явж байна.
Үргэлж үнэнч бай
Серсей Ланнистерийг үзэн ядах хүмүүс олон ч хүнд сайн ба муу чанар холилдож оршдог хойно Серсейгийн ганц сайн чанарыг өгүүлье. Хатан бидэнд үнэнч байдал ямар чухал гэдгийг бидний яс маханд тултал ойлгуулсан. Өөрийн талын хүмүүсээ ''үхтлээ '' хамгаалж чадах цорын ганц хүн бол Серсей билээ.
Дутагдлуудаа хайрла
''Чи өөрийн дутагдлуудаа хүлээн зөвшөөрсөн тэр цагаас эхлэн хүмүүс тэдгээрийг чиний эсрэг ашиглаж чадахгүй болно'' гэдэг дээ. Тирион хоёрдугаар бүлэгт ингэж хэлээд тэр үеэс хойш өөртөө итгэлтэй нэгэн болсон гэхэд болно. Согтуурхаж, аавынхаа тухай гомдоллон ярихынхаа оронд лууны ээжид зөвлөгөө өгсөн шигээ өндөр албан тушаал хашиж явна. Өөрөөсөө хэзээ ч битгий ич.
Өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүл
Хаан ширээний эзэн болох магадлал өндөртэй луунуудын ээж Даенерисийн амьдралдаа баримталдаг гол зарчим бол өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлэх. Тирион, Верис, Жора, Миссандей болон Жон Снөү гэх мэт өөрт нь хайртай, өөрийг нь ойлгодог, ухаантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсан азтай нэгэн. Хүн хамгийн их хамт цаг өнгөрүүлдэг 5 хүнийхээ тусгал нь болдог гэдэг. Тиймээс өөрийн эргэн тойрны хүмүүсээ маш зөв сонгож, шалгууртай хандах нь зүйтэй.
Чи юу ч мэдэхгүй
''Жон Снөү, чи юу ч мэдэхгүй'' гэдэг үгийг киноны эхний бүлгүүдэд мөн ч их сонссон доо. Тэр үед Жон Снөү үнэхээр л юу ч мэддэггүй нэгэн байсан. Үүний адил хүн хэзээ ч суралцаж дуусдаггүй. Бид хэзээ ч бүхнийг мэддэг болохгүй тул даруу төлөв байж, үргэлж суралцахыг эрмэлзэх хэрэгтэй юм.
Зовлон бол хамгийн сайн багш
Хөхөрсөн бие бол хичээл, хичээл бүр биднийг хүчтэй болгож байдаг хэмээн Арья хэлдэг. Нисэж сурахаасаа өмнө унадаг гэдэг шүү дээ. Ахынхаа албадлагаар Хал Дроготой хүчээр гэрлэж зовлонт мөчүүдийг үдсэний дараа Даенерис хэрхэн ухаажиж, хүчирхэг нэгэн болдог билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна