Богд ууланд тарьсан моддоо QR коджуулжээ

2019/05/01
Богдхан уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээх зорилгоор Төр хурахын аманд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулжээ. Уг арга хэмжээг "Зориг" сангаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн “Нэг байгууллага, нэг ой” төслийн багийн дөрвөн залуу санаачлан зохион байгуулсан аж.

Энэхүү үйл ажиллагаанд албан байгууллагууд мод тарих багцаас сонгон оролцсон бөгөөд харин хувь хүмүүсТөр хурахын ам буюу мод тарих талбай дээр очин суулгац авч тарьсан байна. Энэ нь 2019 оны хамгийн эхний олон нийтийг хамарсан мод тарих арга хэмжээ болжээ.          

Богд ууланд тарьсан моддоо QR коджуулжээ

"Нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжил рүү" уриан дор хэрэгжиж буй “Нэг байгууллага, нэг ой” төслийг дэмжин ШУА-ийн ХХТХ-ийн дэргэдэх "Хими" клубын залуус Богд ууланд мод тарьжээ. ШУА-ийн ХХТХ-ийн дэргэдэх "Хими" клубынхэн Богдхан Уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээх ажилд оролцохдоо хогийг ил шатаахыг зогсооё гэсэн уриалга гаргаж, энэ талаар иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна.

Уг төсөлд хэрэглэсэн суулгацыг PPRS технологиор тарьсан буюу амьдрах чадвар сайтай, ургалтын эрчим өндөртэй суулгац хэрэглэсэн гэдгээрээ онцлог юм. Мөн мод тарьсан хувь хүн бүрийн модыг QR коджуулсан ба бар кодыг уншуулбал тухайн модыг тарьсан хүний нэр болон огноо, тарьсан газрын байршил, ургалт болон үр ашгийн талаарх мэдээлэл гардаг байна. Харин албан байгууллагын хувьд модыг тарьсан байгууллагын нэрээр харагддаг байна.  Тэд усалгаандаа "MCS Coca Cola" ХХК-ийн 98 хувь цэвэршүүлсэн саарал усыг ашигласан нь мөн л байгаль орчиндоо ээлтэй усалгааны систем болжээ.   

Энэхүү мод тарих өдөрлөгт нийт 200 гаруй хүн оролцож мод тарьсан бөгөөд төслийн багийнхан энэ өдөр тарьсан моднуудыг цаашид 3 жил арчлан усалж ургалтад нь анхааран ажиллахаа мэдэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна