Хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

2019/05/02
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, ҮАБ-ийн 41 алба хаагч, Батширээт сумын 111 иргэн, Биндэр сумын 71 иргэн, нийт 286 хүн, 28 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймрийн зүүн хэсэг болон Монгол Улсын хилийн 779 дүгээр тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэл дэх түймрийн баруун хэсгийг унтраажээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар түймрийн баруун тал “Бугатын-Энгэр”, урд тал “Цахир чулуут” гэдэг газар хүрчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 19500 га ой шатсан. Өчигдөр ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 24, нийт 26 алба хаагч, ЗХ-ний 303 ангийн МИ-171-Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу хөөрсөн, 09:30 цагт НОБГ-ын 24 алба хаагч ниснэ.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 29-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Чингисбалл” гэдэг газар хээрийн түймэр гарч, дөрөвдүгээр сарын 30-нд бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Уг түймэрт нийт 1500 га бэлчээрийн талбай шатжээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд Увс аймгийн Сагил сумын Улаангом, Түргэн сумдын зааг “Самгачуудын-Арал” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашин, Сагил сумын 7 иргэн, 1 автомашин, Түргэн сумын 9 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна