Шонхор нууцаар гадаадад гаргаж улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв

2019/05/08
Монголын мэргэжлийн анчдын холбооноос БОАЖЯ-ны үе үеийн удирдлагууд 2015-2018 оны хооронд шонхор шувууг гадаадад гаргахдаа хуулийн буруу заалт ашиглаж, улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн мэдэгдлээ.

Монголын мэргэжлийн анчдын холбооны мэдээлснээр “Тусгай зориулалтаар 2015 онд агнах, барих, тогтоох тухай” 2015 оны 4-р сард 164-р тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Уг тогтоолын төслийн танилцуулгад 100 идлэг шонхор гадаад улс оронд гаргаж, төсөвт 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж заасан байна. Гэхдээ бодит байдал дээр 1000 гаруй шонхор хилээр гаргасан гэсэн юм.

Д.Гэрэл: БОАЖЯ-ны удирдлагууд 1000 гаруй шонхор хилээр гаргасан

Шонхор нууцаар гадаадад гаргаж улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл “Нууцаар 1000 гаруй шонхор хилээр гарч 20 гаруй тэрбум төгрөгөөр улсыг хохироожээ. Тэд танилцуулгадаа шонхор шувуу бол элбэг амьтан юм. 100 толгойг гаргахад ямар нэгэн эрсдэл учрахгүй гэж тайлбараа бичээд анх тооцохдоо бидний яриад байгаа 20 гаран тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж байсан. 100 толгойг авахад нэг сая нэг зуун 76 мянган ам.доллар буюу 2.3 тэрбум төгрөг улсын төсөвт орно гэж төсөвлөсөн. Гэвч энэ нь нууц тогтоол болон хувирсан” гэлээ.

Харин уг асуудлаар одоогийн БОАЖ-ын сайдаас тодруулахад, дараах тайлбарыг хэлж байна.

Н.Цэрэнбат: БОАЖ-ын сайдаар томилогдсоноос хойш хууль дүрмийг мөрдөж ажиллаж байгаа

Шонхор нууцаар гадаадад гаргаж улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хууль бус гэдгийг аль нэг төрийн бус байгууллага тогтоодоггүй байх. Хуулийнхаа дагуу гомдлоо гаргаад шалгах ёстой байгууллага нь шалгана. Миний бие БОАЖ-ын сайдаар томилогдсоноос хойш хууль дүрмийг мөрдөж ажиллаж байгаа. Тийм зүйл байхгүй. Хардаж байгаа хүмүүсийг сайн шалгуулах ёстой гэж бодож байна. Өөрсдийнх нь эрх ашиг аль нэг газар хөндөгдсөн хууль, дүрэм зөрчсөн зүйлсээ хаацайлах гэж байгаа байх. Тэд гомдлоо гаргах эрхтэй” гэв.

Монголын мэргэжлийн анчдын холбооныхон энэ асуудлаар АТГ газар болон холбогдох хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ мөн энэ үеэр илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна