Өнөөдрөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

2019/05/15
Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, Өнөөдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болоод байна.

Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг  хоёр дахин бууруулна гэсэн тооцоо бий. Ингэж тооцоолох шалтгаан гэвэл урьд нь гэр хорооллынхон жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо энэ хэрэглээг 600 мянган тн сайжруулсан түлшээр хангах боломжтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит түлшний хэрэглээ хоёр дахин буурч байгаа болохоор утаа мөн энэ хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм.

    Шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулна

Тиймээс өнөөдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүйгээр зөвхөн сайжруулсан түлшийг худалдаалж эхлэх юм.

Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна.

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж,  нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр өмнө нь нүүрс борлуулж байсан цэгүүдээр худалдаалах аж.

Сайжруулсан түлш нөөц иргэдэд хэр хүртээмжтэй байгаа талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас тодруулахад, “Сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК одоогоор 85 мянган тонныг үйлдвэрлэсэн мэдээлэлтэй байна. Манай яамнаас түлшний түүхий эдийг нийлүүлэх болон тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд, шахмал түлшний 125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчраад байна. Гэр хорооллын анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшийг айл өрх, албан байгууллага, ААН-үүдэд нийлүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж байна” гэв.

 “Тавантолгой түлш” ХХК-иас сайжруулсан түлшээ хэзээ худалдаанд гаргах эсэх талаар тодруулахад, "Манайх маргаашнаас худалдаанд гаргахгүй. Манайхаас гадна 11 аж, ахуй нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Урин дулаан цаг ирж байгаа учраас тэдгээр аж , ахуй нэгжүүд иргэдийн хэрэгцээг бүрэн хангачих байх гэж бодож байна. Бид үйлдвэрлэсэн түлшээ нөөцөлж, хүйтрэхээр зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа"  гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна