Улсын хэмжээнд 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

2019/05/16
Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ.



Тодруулбал, энэ сарын 15-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 24381 хүүхэд хамрагдсанаас цоорлын эмчилгээг 13093 хүүхэд, сувгийн эмчилгээг 4239 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авхуулах, шүдний ховил битүүлэх эмчилгээг тус тус хийлгэсэн байна.

ЭМЯ хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна