83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа

2019/05/20
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тэргүүний 83 дугаар цэцэрлэгийн түүхт 40 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Төлөөлөгч С.Энхтайван нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилтнуудыг Төрийн дээд шагнал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын “Хүндэт тэмдэг”, Хөдөлмөрийн алдар медаль, Хүндэт өргөмжлөл, Баярын бичгээр  тус тус шагнаж урамшуулав. Мөн үеэр тус цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд, багш нар өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоор хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барьлаа.  

Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг нь 320 хүүхдийн төлөвлөгөөтэй 12 бүлэг,  үүнээс яслийн 4 бүлэг, цэцэрлэгийн 8 бүлэгт 0-7 насны хүүхэд хүмүүжигдэхээр 41 ажилтантай 1979 оны 10 сард Сүхбаатарын раойны орон сууц гудамжны 19-р хорооны нутаг дэвсгэрт нээгдэж ажиллаж байсан түүхтэй. 

2017 онд тус цэцэрлэгийн  өргөтгөлийн барилга ашиглалтанд орж 24 цагийн үйлчилгээтэй 240 хүүхдийн хүчин чадалтай 8 бүлэг нээгдэж нийт 103 багш ажилчидтай ажиллаж байна.

Тус цэцэрлэгийн хамт олон Чингэлтэй дүүргийн “ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ”, “НОГООН ОРЧИН ТАНХИМЫН БУС СУРГАЛТ” уралдаанд Тэргүүн байр, “НИЙСЛЭЛИЙН ИНДЕКС”-ийн  уралдаан,  “Цэгээр наадъя” төсөлт ажлын “ ОНЦЛОХ ХҮҮХЭД, БАГШ, ТУСЛАХ БАГШ, ОНЦЛОХ ГЭР БҮЛ, ОНЦЛОХ УДИРДАГЧ”-аар, “Бид бүгдээрэй найрал дуучин” уралдаанд “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ХАМТЛАГ”,  “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд 2-р байр эзэлж “МӨНГӨН” медаль, Чингэлтэй дүүргийн СПОРТ-2018 тэмцээнд 1-р байр эзэлж  “АЛТАН МЕДАЛЬ”, шилжин явах цомын эзэн болсон гэх мэт томоохон амжилтуудаар түүхт 40 жилийн ойгоо угтаж байна. 

Чингэлтэй дүүргийн Тэргүүний 83 дугаар цэцэрлэгийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй үе үеийн сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагч, хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүддээ цэцэрлэг  үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. 















Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна