Монгол Улс ЕХ-ны зах зээлд 74 сая еврогийн бүтээгдэхүүн экспортолжээ

2019/05/30
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын удирдлагууд Европын холбооны гишүүн улсуудаас манай улсад суугаа Элчин сайдуудтай өнөөдөр уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Манай улс 2005 онд Европын холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж 7200 төрлийн бараа, бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа аж. Тодруулбал, 2018 онд Европын холбооны зах зээлд ердөө 74 сая еврогийн экспорт хийсний дийлэнхийг самнасан ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлжээ. Харин Европын холбооноос 313 сая еврогийн бүтээгдэхүүн импортолсны 88 хувийг тоног, төхөөрөмж  эзэлсэн байна. Тиймээс экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулах, Европын холбооны чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын үеэр онцоллоо.

Элчин сайдууд ч манай улсын экспортын бүтээгдэхүүний чанарыг  сайжруулах, экспортын судалгаа хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж байв.

Европын холбооноос Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн салбараас хэт хараат байдлаас салгаж, төрөлжүүлэхэд нь туслах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, Монголын эдийн засаг, худалдааны бүтэц хэлбэрийг төрөлжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Тодруулбал,  Европын холбооны EU-TRAM төслийн хүрээнд органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширний үйлдвэрийг хөгжүүлж буй юм. Төслийн хүрээнд төрөл тус бүрт нэмүү өртөг шингээхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, кластер үүсгэн ажиллаж байна.
Эх сурвалж: Montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна