О.Боргилыг үргэлжлүүлэн хорих шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ

2019/06/11

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй.

Тавдугаар сарын 8-нд О.Боргилыг цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүний нэг сар цагдан хоригдох хугацаа энэ сарын 08-нд буюу өнгөрсөн бямба гаригт дууссаныг прокуророос дахин сунгах хүсэлт гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээн авч цагдан хорих хугацааг дахин сунгасан байна.

Харин О.Боргилын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь цагдан хорих захирамжтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тодруулбал О.Боргилыг дахин цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан байна.

Энэхүү гомдлыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс хэлэлцэж, О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна