Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ.
Шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдсэн.
Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг болох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ.
Тэрбээр гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэх гэж байсан аж. Зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна.
С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм
Шүүгч С.Төмөрбат өмнө нь хэвлэлд өөрийгөө гэм буруугүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан бөгөөд нэхэн сануулбал, "Яагаад ч юм бэ гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгч гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад ирсэн. Зургаан шүүгчийн нэрс гарахад миний нэр дунд нь байсан. Би цаг тухайд нь хуулийн хүрээнд ХОМ үнэн зөв өгдөг. Энэ мэдээ гарснаас долоо хоногийн дараа миний ээжийг барьж хорьж, өнөөдрийн байдалд хүрсэн. Миний ээж аливаа асуудлыг дандаа өөдрөг талаас нь хардаг. Тулгарсан асуудлын гарц гаргалгааг нь олж чаддаг хүн. Надад хөрөнгө мөнгө байхгүй. Миний ард ямар нэгэн нөлөө бүхий хүч байхгүй. Надад нэг л зүйл байгаа. Үнэн шударга ёс. Ээжийн минь сүнс намайг харж байгаа гэж бодож байна. Би энэ асуудалд эцсээ хүртэл тэмцэнэ. Миний ээжийг мэддэг олон хуульч надтай хамт тэмцэнэ гэж итгэж байна. Хууль яаж завхруулдаг, хүнийг хууль зөрчин хорьж амь насыг нь хохироодог асуудлыг таслан зогсооно. Хүн ямар нэгэн асуудалд шалгагдаж, байцаагдаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.
Салхитын орд газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлсийг харсан. Энэ ордтой холбоотой хүмүүс маргалдаад байгаа юм байна гэсэн ойлголттой л байгаа.
Сүүлийн үед зарим улстөрчид Монгол Улсын шүүх, шүүгчдийг өөрсдийнхөө улс төрийн тоглоом болгон ашиглаж байна гэж би хэлж чадна” хэмээн ярьж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна