Харваач Х.Даваагаас допинг илэрч, харвах эрхээ нэг жилээр хасуулжээ

2019/08/21

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөх, нэг харваачаас хориотой бодис илэрсэн талаар Баяр наадмын комиссоос мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр харваач нь Д.Хишигдорж зааны охин Х.Даваа гэх бүсгүй аж. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар харваандаа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм байна. Сурын холбооны Нарийн бичгийн дарга Б.Наранбаярын мэдээлснээр Сурын холбооны ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрч буй тохиолдол энэ юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг харваач нь өөрөө мэдэлгүй хориотой эм бэлдмэл хэрэглэсэн буюу ханиадны төрлийн эм, эмийн бодис хэрэглэснээс ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна