Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хяхан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан тухай баримтуудыг манай сайт цувралаар танилцуулж байна.
Баримт-3: Н.Баярсайхан, А.Аззаяа нар нийт 14 удаагийн үйлдлээр рапс экспортлогч аж ахуй нэгжээс авлига хээл хахууль авчээ
Иргэн О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Ансу ****” ХХК, “Ивээл ***” ХХК-иудын нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Аззаяа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр хээл хахууль өгсөн болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.
Иргэн О.Б-ийн зүгээс Н.Баярсайхан, А.Аззаяа нарт нийт 14 удаагийн үйлдлээр хээл хахууль өгсөн байгаа юм. Тодруулбал:
2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 сая төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 700 ам доллар,
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4 300 ам доллар,
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3 200 ам доллар,
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6 900 ам доллар,
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 600 ам доллар,
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4 000 ам доллар,
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 ам доллар,
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3250 ам доллар,
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 400 ам доллар,
2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 750 ам доллар,
2017 оны 12 дугаар сарын 07-ны 8 600 ам долларын хахууль өгсөн хэмээн мэдүүлсэн байна.
Иргэн О.Б нь энэ тухайгаа шүүхэд дэлгэрэнгүй мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь угаасаа хэрээс хэтэрсэн байсан юм.
Бизнес эрхлэгч бид нарыг хясан боогдуулдаг нь үнэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь тусгай зөвшөөрлийг гаргаж өгөхгүй өөр дээрээ дараад байлгадаг. Аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг бидний болон манай компани бас бус олон компаниудын эрх ашгийг хясан боогдуулж заавал мөнгө өгөхгүй л бол хилээр экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй, гарын үсэг зурахгүй хугацаа алдуулж, хүндрэл учруулж байдаг учраас бид нар амьжиргааны үйл ажиллагаагаа хэвийн явуулж ар гэрээ тэжээхийн тулд яах ч аргагүй байдалд ордог учраас нэхсэн мөнгийг нь өгдөг нь үнэн юмаа.
Хэрэв үнэхээр л хууль журмын дагуу бичиг баримт, чөлөө зөвшөөрөл маань гардаг бол өнөөдөр би авлига өгсөн гээд мэдүүлэг өгөөд байж байхгүй, хүнд суртлыг дийлэхгүй тулдаа мөнгө өгсөн ба манай компаниас гадна маш олон аж ахуй нэгжүүд байгаа.
Миний хувьд өнөөдөр гэхэд 105 вагоныг гаргахын тулд Н.Баярсайханд 8600 долларийн хахууль өгч зөвшөөрөл гаргуулахаар тохиролцсон юм.
Би тухайн мөнгийг Ард кинотеатрын хойд талд байрлах Уянга-Эрдэнэ валют арилжааны төвөөс ам.доллар худалдаж авч 10-11 цагийн хооронд өрөөнд нь уулзаж тухайн мөнгийг өгсөн.
Би газрын дарга Э.Аззаяатай уулзаад байдаггүй, шууд Н.Баярсайхантай уулзаад хахууль болгож мөнгөө өгөөд явчихдаг юм.
Н.Баярсайхан нь Э.Аззаяатай мөнгөө хувааж авдаг байх. Би ерөнхийдөө 50 орчим сая төгрөгийг зөвшөөрөл авахын тулд хэлтсийн дарга Н.Баярсайханд хахууль болгож өгсөн байгаа, нарийн тоог сайн хэлж мэдэхгүй байна. Тодорхой нарийн яривал:
2017 оны 09 сарын 18-ны өдөр Н.Баярсайханд 50 вагоныг гаргахын тулд 5 сая төгрөг,
2017 оны 10 сарын 10-ны өдөр 9.200.000 төгрөгийг ам.доллароор 3.700 доллар,
2017 оны 10 сарын 12-ны өдөр 2 сая төгрөг,
2017 оны 10 сарын 20-ны өдөр 58 вагон рапс ургамалд 4300 доллар,
2017 оны 10 сарын 24-ний өдөр 40 вагон гаргахын тулд 3.200 доллар,
2017 оны 10 сарын 31-ний өдөр 75 вагонд 6.900 доллар,
2017 оны 11 сарын 06-ны өдөр 57 вагонд 4600 доллар,
2017 оны 11 сарын 13-ны өдөр 50 вагонд 4000 доллар,
2017 оны 11 сарын 16-ны өдөр 25 вагонд 2000 доллар,
2017 оны 11 сарын 24-ний өдөр 13 вагонд 1000 доллар зэргийг өгсөн байх. Нарийн тооцоогоо санахгүй байдаг. Би дээр хэлсэнчлэн рапс ургамлын 1 вагоны нэгж үнийг нь 200.000 төгрөг, 1 вагон самрыг 2 сая төгрөгөөр тус тус бодож хэдэн вагон гаргаж гэж байна түүгээрээ хаа тааралдсан банк, валют арилжааны газраар орж ам.доллар авч Н.Баярсайхантай очиж уулздаг юмаа...” хэмээн мэдүүлжээ.
Үргэлжлэл бий...
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна