Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд надад, "Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй" гэж хэлсэн

2019/08/27

Э.Оюунболдын багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая өөрийн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Бөхийн салбар хорооноос Э.Оюунболд аваргаас 4 төрлийн допинг илэрсэн талаар мэдээлсэн. Үүн дээр та багшийнх нь хувьд ямар бодолтой байна вэ?  

-Надтай утсаар ярьсан. Энэ асуудалд өөртөө их итгэлтэй байна. Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй. Энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдлоо өгсөн. Наадмын өмнө намайг ямар ч аргаар хамаагүй допингийн асуудалд хутгана гэж байсан. Наадамд түрүүлсний  дараа ч Хэнтийнхэн 1 тэрбум 700 сая төгрөгөөр төрийн баяр наадмыг худалдаад авчихлаа гэж гүтгэсэн. Үүнийг нь би судалж үзэхэд тийм мэдээлэл гарсан байна лээ. Хэрэв иймэрхүү зүйл байгаад зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байгаа бол түүн шиг болохгүй юм байхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаасай  гэж хүсч байна.  

-Цаашид хууль хяналтын байгууллагад хандах болов уу?

-Миний ойлгосноор Э. Оюунболд гомдол саналаа гаргасан гэж ойлгосон. Ер нь сүүлийн үед допингийн шинжилгээ авах гэж тэгж сүр болоод байдаггүй байсан. Одоо нарийн төвөгтэй авдаг болсон гэсэн.  Баяр наадмын хууль гараад шинжилгээ авдаг болсноос хойш тэр шинжилгээг нь өгч байсан. Тэр үед мэдэгдэхээр өгч байсан юм байхгүй. Сүүлийн үед өөр болдог болсон нь интернетэд тавигдсан бичлэгт байсан. Тэр бичлэгийг үзээд замбараагүй болдог болж дээ гэж бодсон. Энэ бүхнийг цэгцэлж журамд оруулахгүй бол болохгүй байх. Олон улсын лабораторид очсон шинжилгээ буруу гарах үндэс байхгүй гэж бодож байна. Маш олон улс орнуудын тамирчдын шинжилгээг хийж байгаа учир.

-Засгийн газраас  допинг хэрэглэсэн гэдгийг нь зарлачихлаа. Та итгэл алдарч байна уу?

Өөрөө өөртөө итгэлтэй байна лээ. Би бол шавьдаа итгэж байгаа. Хүч нэмэх зүйл хэрэглээд байхааргүй байгалиасаа заяасан хүчтэй хүн гэж боддог. Энэ тал дээр би санаа зовж байгаагүй.

-Бөхчүүд баригдах нь тодорхой байхад яагаад допинг хэрэглээд байдаг юм бэ. Аргалж болдог болоод тэр үү?

Тийм зүйл яригдаад байгаа.  Би 2006 оноос хойш шинжилгээ авч байгаа газраар очиж байгаагүй учир мэдэхгүй байна.  

-Яагаад Б сорьцийн шинжилгээг хийлгэхээс татгалзсан юм бэ?

ДНК шинжилгээ өгнө гэж мэдэгдэл хийсэн байсан. Тэгэхээр тэрийг өгөх гээд Б сорьцийн шинжилгээг өгөхөөс татгалзсан байх гэж бодож байна.

-Допинг хэрэглэсэн бол ямар байдлаар илэрдэг юм бэ?

Одоо ярьж байгаагаар олон төрлийн хор хөнөөлтэй юм билээ. Хор хөнөөлийн талаар эрүүл мэндийн байгууллага хангалттай сурталчилгаа явуулж байгаа. Засгийн газар олон улсын гэрээ конвенцод нэгдсэнээр явцын дунд шинжилгээ авдаг болсон. Бусад спортын 200-300 тамирчдаас шинжилгээ авдаг газар шүү дээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна