Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д уламжлалт “Бизнес уулзалт”-аа хийсэн. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлсан юм.
Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Ерөнхий сайдад хандаж санал хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, "Ер нь цаашдаа ийм уулзалтыг улирал тутам хийж баймаар байна Ерөнхий сайд аа. Барилга барьж байгаа нь хувийн компаниуд байдаг. Мал маллаж байгаа нь иргэд, Ч.Улаан сайдад нэг ишиг ч байхгүй. Та телевизээр үүрэг өгч байна лээ. Мах бэлдэхгүй бол Ч.Улаан сайдаа чихээ тасдаарай гээд. Ч.Улаан сайд хаана хэний малыг авч бэлдэх гэж байгаа юм. Улаан сайдад үнэгүй малаа өгөх малчид байгаа юм уу. Байхгүй.
Энэ Засгийн газар ажил хэрэгч хүмүүстэй хамтарч нийгэмд тулгамдсан асуудлаа шийдвэл үнэнд жаахан ойртох болов уу. Буцаад ямар коммунизм байгуулалтай биш.
Санаа зовоосон юм нь Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны яамыг байхгүй болгосон. Гадаад яам гээд бодлогын хэдэн нөхдүүдтэй. Гоёлын морь шиг хэдэн юм гадаадад тууз хайчлаад, аялж байгаад ирдэг. Худалдааны яам байхгүй. Ууул уурхайн яам зөвхөн алт л ярина. Өөр юм ярьж болохгүй.
Дараачийн санаа зовоод байгаа зүйл бол банк санхүү. Банкууд ихэнх нь нэг эзэнтэй, банкуудаа яаралтай цэгцлэх хэрэгтэй. Илүү олон нийтийнх болгомоор байна. Тэр эзэн нь таван хувиас дээш эзэмшиж болохгүй. Бусдыг нь гадаад дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, төр хүртэл хувьцаа эзэмших хэрэгтэй байна. Тэгэхгүй бол системийн гээд нэр зүүчихсэн, энэ улсын хамаг гадаад, дотоод тусламжийг банкаар дамжуулаад хувьдаа авчихсан. 27 жил шуллаа шүү дээ. Банк санхүүгийн асуудал руу сэлэм, жад, хутгаа бариад даруй ормоор байна.
Нийгмийн халамжаа одоо больё. Бүгд халамж хүртээд байдаг. Хүн амын 70-80 хувь нь 18 нас хүрч байгаа хүүхэд залуучууд.
Татварын нэг орчинд амьдаръя. Малчин, тариачин, инженер, сэхээтэн бүгд нэг хуульд захирагдаж, татвараа бүгд төлье. Улаанбаатарын бид 27 жил арьсаа хууртал татвар төллөө. Гэтэл малчид найр хийж, өөх идээд, бөх барилдаад талаар нэг давхиад байдаг. Тэгсэн мөртлөө хүүхдүүдээ хот руу явуулаад хотыг эзэлчихсэн. Хаашаа л харна, хөдөөнийхөн, нутгийн зөвлөл. Одоо бид хаачих вэ. Бидэнд явах газар алга байна. Сүү, мах, ноос, ноолуурын компаниудаас татвар авдаг болъё.
Үндсэндээ Эрээн хот манай бүх мөнгийг барьж байна. Тагнуул цагдаагаа хөдөлгө. Ноолуур, арьс шир, махны бодлогыг тэд барьж байна.
Замын асуудал байна. Замын хураамжийг нэм. Улсын төсвийн хөрөнгөөр зам тавихаа больж үз. Машин унаж буй хүмүүст татварыг нь өндөр тавиад тэр мөнгөөр замаа зас.
Өнгөцхөн дээрэмчидтэйгээ ажлаад байх юм. Гол уурхай болсон мафийн толгойлогчидтойгоо ажилла. Сангийн яам, Хөгжлийн банк, арилжааны банкийг цэгцлэхгүйгээр бид эрүүлжихгүй.
Орон нутаг эзгүй болж байна. Улаанбаатарт сая таван зуун мянган хүн ажиллаж байна. Зам дээр гурван цаг зогсож байна шүү дээ. Ажил хийдэггүй орон нутгийн хүмүүсээ аймгийн Засаг дарга нарт нь хөтлүүлээд явуулж үз. Тэгвэл асуудал шийдэгдэнэ. Орон нутагт бас татварын тогтолцоотой болох хэрэгтэй" хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна